Өвөл, хаврын морин уралдааныг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-10 18:13:41

Баянхонгор аймгийн МХГ, Цагдаагийн газар, Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт Өвөл, хаврын хурдан морины уралдааныг хориглох тухай мэдэгдэл хийлээ.

Тус мэдэгдлийг Баянхонгор аймгийн Уяачдын холбоо, сумдын Засаг дарга, сумын Уяачдын холбоонд хүргүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хөдөлмөрийн сайдын тушаал, Хүүхдийн эрхийн конвенцийг /г.м/ үндэслэн дээрх мэдэгдлийг гаргажээ. Хүйтний улиралд болдог хурдан морьдын уралдаан нь морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангахад асуудал тулгардаг бөгөөд Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь тэвчишгүй хөдөлмөрийн нэг байдаг байна. Мөн аймаг, сумын уяачдын холбооны наадам, их болон богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их гардаг аж.

Баянхонгор аймгийн хэмжээнд улирагч жилийн аймаг, сумын баяр наадмаар давхардсан тоогоор 1279 хүүхэд хурдан морь унажээ. Аймаг, сумдын наадамд нийт 53 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн бол 2 хүүхэд амь насаа алдсан байна.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ