Г.Батжаргал: 900 гаруй иргэн бичил уурхайн зохион байгуулалтад орсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-09 20:46:57

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхайн хамтарсан “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” үндэсний чуулганд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцлоо.

Чуулганаар талууд бичил уурхайг зохион байгуулах, албажуулахад үйл явц болон эрдэс баялгийн борлуулалтын өнөөгийн нөхцөл байдал, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын санал зөвлөмжүүдийг гаргаж, цаашид бичил уурхайг албажуулах үйл явцыг нэмэгдүүлснээр уул уурхай, байгаль орчин төдийгүй эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болохыг онцолж байв. Эл онцолсон асуудлаар аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

     -Баянхонгор аймагт Бичил уурхай эрхлэгчдийн асуудал хэр хөндөгддөг вэ?

 Бичил уурхайн асуудалд төр засгаас зориуд бодлогоор анхаарах, аймаг орон нутаг, улс орны хэмжээнд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Ер нь иргэд маань нэг хэсэг нинжа гэдэг ч юм уу хувиараа ашигт малтмал олборлох байдлаар байгальтай харьцдаг байсан бол сүүлийн жилүүдэд  хууль тогтоомжид өөрчлөлт орсноор тогтвортой, хуулийн хүрээнд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг болсон.

     -Хэчнээн хэмжээний хүн ажиллаж байгаа бол?

 Манай аймагт нийтдээ арван нөхөрлөлд 900 гаруй иргэн бичил уурхайн зохион байгуулалтад ороод үйл ажиллагаагаа явуулж байна. Албан ёсоор хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийг албан ёсны хөдөлмөр эрхлэлтэд тооцох хэрэгцээ байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар бичил уурхайгаар дамжуулаад орон нутгийн хөгжилд орж ирж байгаа нэмэр, хандив манай аймагт чамгүй их бий. Үүнийг олон нийтэд сурталчлах, иргэдэд бичил уурхай эрхлэгчдийн талаарх зөв ойлголт өгөх шаардлага, хэрэгцээ бас байна.

     -Нөхөн сэргээлтийн асуудалд хэр анхаардаг вэ?

 Зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгчид маань нутаг орныхоо зөвшөөрсөн талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь том уурхайнуудаас байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл хэд дахин бага, иргэдийн зүгээс бас ашигласан талбайдаа нөхөн сэргээлт хийж хэвшээд эхэлсэн. Харин нүүдлийн байдалтай, зөвшөөрөлгүй газар ухчихаад явдаг хүмүүсийн хувьд өөр асуудал яригдана. Тэднийг шаардлагатай бол зохион байгуулалтад оруулж, хуулийн хүрээнд нэгтгэх ажлыг төр засгаас анхаарах ёстой. 

Холбоотой мэдээ