Малчдаа нэг ч эргээгүй дөрвөн жил болсон дарга нар байсныг жишээ татан анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-01 14:38:21

Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын оролцсон “Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах нь” сэдэвт зөвлөлгөөн өнөөдөр болж байна.

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын тамгын газрын бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, хэлтэс, газар, агентлагуудын дарга, эрхлэгч, хэлтсийн дарга нар, сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, МЭҮ-ийн тасгийн дарга нар, сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эхлэгчид, соёлын төвийн эрхэлгчид, эрүүл мэндийн төвийн дарга нар, эмийн санчид, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, мал эмнэлэг, мал үржлийн хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид оролцож байна.

УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар сонгогдсон Иргэдийн төлөөлөгчидийн хурлаар батлагдсан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа ороод байгаа. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн эрхэм зорилгын агуулгыг хүн рүү чиглэсэн, хүнээ хөгжүүлэхийг анхаарсан, хүн төвтэй хөгжлийн концепц гэж тодорхойлж “Баянхонгорын баялаг бол Баянхонгорын иргэд”, аймгийн үнэт баялаг болсон иргэдээ хөгжлийн тулгуур гэж үзжээ. Үндсэн таван зорилгын хүрээнд 150 зорилт боловсруулан ажиллаж байгаа аж.

Зөвлөлгөөнөөр хяналтын байгууллага болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, ирэх дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн газрын болоод Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллахад чухал алхам болж байгааг албаныхан онцоллоо.

"Санхүүгийн хямралтай байгаа өнөө үед өмнөх жилүүдийнх шиг ойр ойрхон цугларч ажил төрлийн уулзалт, сургалт семинар зохион байгуулах боломж хомс. Тийм учраас та бүхэн энд ирсэн дээрээ хэрхэн хамтрах, цаашид бид юун дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай юм байна гэдэг гаргалгаа, гарцаа олж авах нь та бүхний үүрэг гэж ойлгоорой" хэмээн зөвлөлгөөний эхэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлсэн үгэндээ онцолж байв. Тэрээр аймгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам гэсэн сэдвээр оролцогчдод хандаж үг хэлсэн юм.

Зөвлөлгөөний үеэр хэлсэн үгэндээ аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, "Сумдын удирдлагууд малчдынхаа дунд орж ажиллах шаардлагатай байна. ИТХ-ын төлөөлөгч нартайгаа хамтраад сумд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагчдаа аваад баг дээрээ, улмаар малчдынхаа гэрээр нь улиралдаа эс чадвал хагас жил тутамд үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсож, мэдээлэл өгч байвал та нарыг ажлаа хийж байна гэж үнэлдэг болно. Өнгөрсөн 4 жилд малчдаараа нэг удаа ч очоогүй Засаг дарга, Хурлын дарга нар байсан шүү" хэмээн анхааруулсан.

Мөн тэрээр, Аймгийн хэмжээнд иргэдийн төлөөлөгч, иргэдийн хурлын дарга зэрэг “хурлын “ гэсэн тодотголтой 647 хүн байна. Энэ хүмүүсийг төвлөрүүлж, зангидаж, удирдаж иргэдтэйгээ тулж ажиллах шаардлага байна. Ирэх жилээс энэ үүргээ биелүүлж сум, баг, иргэддээ хүрч ажиллах болно. Иргэддээ үйлчилдэг төр байх ёстой гэсэн зарчмыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагууд барьж ажиллах нь чухал хэмээн онцлов.

Тус зөвлөлгөөн зургаан салбар хуралдаанаар үргэлжилж байна. Дэд бүтэц, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл урлаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Хүнс, хөдөө аж ахуй нийгэм, эдийн засгийн чухал салбарын хүрээнд хурлууд үргэлжилж байна. Зөвлөлгөөний төгсгөлд салбар хуралдаануудын мэдээллийг нэгтгэж, зөвлөмж гаргах аж.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ