Газар тариалан эрхлэх сонирхолтой хүмүүст дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-01 13:39:57

Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Газар тариалан эрхлэгчидтэй уулзалт, ярилцлагыг зохион байгуулж эхэллээ. Эхний ээлжийн уулзалт ярилцлагад 20 сумын Засаг дарга, газар тариалан эрхлэгч ААН, тариаланчдаас бүрдсэн 60 гаруй хүн хамрагдсан байна.

Зөвлөлгөөний эхэнд Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин, тариалангийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр  агрономич Г.Жигжидсүрэн мэдээлэл өглөө.

Баянхонгор аймгийн хэмжээнд 48 ААН, 561 иргэн газар тариалан эрхэлдэг аж. Гэвч энэ тоо нийт хүн амын тоотой харьцуулахад хангалтгүй тул цаашид нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг тэрээр мэдээлэлдээ онцолсон. Тиймээс энэ цаг үед сүүлийн хэдэн жилд огт хийгдээгүй уулзалт, зөвлөлгөөнийг аймгийн Засаг дарга санаачилсанд тариалан эрхлэгчид талархаж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар тус салбарт тулгамдаж буй асуудал, цаашид газар тариаланг хөгжүүлэхэд юун дээр анхаарах ёстой талаарх санал бодлыг сонсохын зэрэгцээ Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд энэ талаар ямар ажлууд туссан талаарх мэдээлэл өгөхийг чухалчилжээ.

Баянхонгор аймагт Илгээлтийн эзэн хөтөлбөрийн хүрээнд газар тариалан эрхлэх сонирхолтой хүмүүсийг бүртгэж, тэднийг газартай болгож, гарааны бизнесээ эхлүүлэхэд шаардлагатай эх үүсвэрүүдээр хангаж, гурван жилийн гэрээтэй ажиллахаар төлөвлөж байгаа аж. Ингэхдээ тухайн иргэнийг гэр бүлээрээ ажиллах нөхцлийг тавих юм байна.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ