ОРХОН: Гамшгаас хамгаалах мэдлэгийг тоглоомын аргаар олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЕБС-ийн сурагчдын бүтээл болох гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголт өгөх “Боосай" картан тоглоомыг хэвлүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо.
Онцгой Байдлын Ерөнхий Газар, Монгол Улсын Их Сургууль, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Япон Улсын Нагоягийн их сургууль хамтран, ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэний тогтвортой үйл ажиллагаа, боловсрол” төслийн хүрээнд тус тоглоомыг хэвлэн нийтлэхээр болжээ.
“Боосай" карт нь болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, мэдээллийг монгол ардын зүйр цэцэн үг, эртнээс уламжилж ирсэн домог, өгүүлэмжийн хэлбэрээр тусган боловсруулснаараа онцлог бүтээл юм.
Тодруулбал, уг картыг Монгол Улсад анх Ховд аймгийн сурагчдын бүтээлээр хэвлэж байсан бол дараа нь Улаанбаатар хотын сурагчдад зориулан хэвлэж байжээ. Харин энэ удаад Орхон аймгийн сурагчдын бүтээлээр картыг хэвлэн гаргах юм.






