ӨМНӨГОВЬ: “Эрдмийн хишиг” аяныг боловсрол, хөгжлийн чиглэлээр хослуулан зохион байгуулснаараа онцлогтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Ардын боловсролын тэргүүний ажилтан, монгол хэл, бичгийн багш Хайдавын Гончигринчингийн нэрэмжит "Эрдмийн хишиг-18" аяныг гуравдугаар сарын 30-31-ний өдөр зохион байгууллаа.
Тус аяны хүрээнд Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 16 сургуулийн 200 гаруй багш, сурагч, сонирхогч иргэд эх хэл бичгээрээ зөв уншиж бичих, уран болон бийрэн бичлэг зэрэг 13 төрлөөр өрсөлдөж оюун ухаанаа сорьжээ.
Харин монгол хэл, бичиг, уран зохиолын болон бага боловсролын нийт 65 багш онол арга зүйн сургалтад хамрагджээ. Сургалтыг МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн доктор, профессор Ш.Баттөгс, багш доктор, дэд профессор Д.Эрдэнэсан, Монгол хэлний зөвлөх профессор А.Цог-Очир, багш доктор Д.Ганболд нар удирдан зохион явуулжээ.
Бага боловсролын төрөлд оролцогчид эх бичвэрийг уншаад ойлгох чадвар сайжирч байгаа нь олимпиадын гүйцэтгэлээс харагдаж байгааг шүүгчид онцолсон бөгөөд уран бичлэг, бийрэн бичлэгийг суралцагчид илүү сонирхон суралцаж байгаад бахархалтай байна гэлээ.
“Эрдмийн хишиг-18" аяны II-III ангийн төрөлд Цогт-Овоо сумын сургуулийн сурагч Х.Нямжаргал, V-VI ангийн төрөлд Цогт-Овоо сумын сургуулийн сурагч Д.Сондор, VI-VII ангийн төрөлд Цогт-Овоо сумын сургуулийн сурагч Л.Тэнүүн, VIII-IX ангийн төрөлд Даланзадгад 5 дугаар сургуулийн сурагч М.Уянгалянхуа, X-XII ангийн төрөлд мөн сургуулийн сурагч Ш.Бөртэ-Үжин нар тэргүүн байр эзэлжээ.

Харин хичээнгүй бичиг төрөлд Цогт-Овоо сумын сургуулийн сурагч М.Сүлд, хичээнгүй бичиг 7-12 хос бичиг төрөлд Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн сурагч З.Энхжин, уран бичиг төрөлд Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн сурагч Б.Маралжингоо тодорлоо.
Бага ангийн багш төрөлд Даланзадгад 1 дүгээр сургуулийн багш О.Сувдаа, Монгол уран зохиолын багш төрөлд Даланзадгад 3 дугаар сургуулийн багш Б.Шүрэнгэрэл, Багш нар болон насанд хүрэгчдийн хичээнгүй бичиг төрөлд Цогт-Овоо сумын сургуулийн багш Ж.Мөнх-Эрдэнэ, Уран бичиг төрөлд Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн багш Ү.Цэрэндиваа оржээ.
Түүчээ хамт олноор Цогт-Овоо ерөнхий боловсролын сургууль, түүчээ бага ангийн сурагчаар Цогт-Овоо сумын ЕБС-ийн 4 дүгээр ангийн сурагч Д.Сондор 100 хувийн гүйцэтгэлтэй, дунд ангийн түүчээ сурагчаар Даланзадгад 5 дугаар сургуулийн сурагч Ш.Бөртэ-Үжин, түүчээ багшаар Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн багш Б.Ганчимэг нар шалгарлаа.
Энэ жилийн “Эрдмийн хишиг” аяны онцлог, давуу
талууд нь өмнөх жилүүдээс цар хүрээгээ тэлж илүү практик ач холбогдолтой, боловсрол, хөгжлийн чиглэл хосолсон хувь хүний
хөгжил, мэргэжил сонголт, ур чадварын сургалтуудыг зохион байгуулсан
нь боловсролын цогц үйл ажиллагаа болжээ.
Ардын боловсролын тэргүүний ажилтан, монгол хэл, бичгийн багш Хайдавын Гончигринчин боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж, монгол хэл, бичгийн боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд олон шавь нарыг бэлтгэсэн гавъяатай багш юм. Түүний энэ үйл хэргийг орон нутгийн удирдлага, үр хүүхдүүд нь хүндэтгэн дурсаж, алдаршуулах зорилгоор “Эрдмийн хишиг” аяныг зохион байгуулдаг уламжлалтай.