Шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-24 09:08:21

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн даргын ирүүлсэн саналыг хэлэлцэн Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.

Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.

Ховд аймгаас Үндсэн хууль батлахад сум бүрээс нэг төлөөлөл нийт 18 депутат оролцож байжээ. Үндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэх ажлын хүрээнд тус аймагт  Ардын Их Хурлын депутатуудад хүндэтгэл үзүүлэх, тэднээр их,дээд ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заалгах,уулзалт ярилцлага зохион байгуулах, зохион бичлэгийн уралдаан зарлах, Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит баярын хурал, шатарын тэмцээн, бөхийн барилдаан явуулахаар төлөвлөсөн байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ