Т.Буянжаргал: "Khagan" брэндийн хувцаснууд загварын хувьд өвөрмөц, давтагдашгүй онцлогтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-13 17:56:44

Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд үйлдвэрлэлээ явуулдаг "Khagan" брэндийн оёдлын мастер Т.Буянжаргалтай ярилцлаа.

 

-"Khagan" брэндийг хэдэн онд үүсгэн байгуулсан бэ? Өнөөдрийн байдлаар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-“Khagan" брэндийг үүсгэн байгуулснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар 8 хүнийг ажлын байраар хангаж байна. Бүх төрлийн ажлын хувцас, аяны хүрэм, өвөл, хавар-намрын  хүрэм, хонины ноосон болон сарлагийн хөөврөн дотортой дээлийг үйлдвэрлэдэг.

 

-Анх тус брэндийг эхлүүлсэн түүхээсээ хуваалцана уу?

-Миний бие 18 настайгаасаа зүү, утастай нөхөрлөж, оёдолд дурлаж эхэлсэн. Олон төрлийн оёдлын үйлдвэрт ажиллан туршлага хуримтлуулсны эцэст 4 жилийн өмнөөс хувиараа төрөл бүрийн хувцас урладаг болсон. Ингээд өөрийн гэсэн брэндтэй болох хүсэлдээ хөтлөгдөн, "Khagan fashion auditor" брэндийг нэг оёдолчинтой нээж байлаа.


-Таны брэндийн нэр "Khagan" нь үндэсний бичгийн хаан гэсэн үгнээс үүссэн үү? Энэ нэр ямар утга санааг илэрхийлдэг вэ?

-Тийм ээ. Монгол бичгээр хааныг "Khagan" гэж галигладаг. Энэ нэрийг сонгосон нь хааны хэрэглэдэг шиг чанартай, үнэ цэнтэй хувцас бүтээх хүсэл зорилгыг илэрхийлж байгаа юм.


-Танай брэндийн бүтээгдэхүүний гол онцлог, давуу тал юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжиж буй ‘Цагаан алт’ хөтөлбөрийн хүрээнд хонины ноос, сарлагийн хөөврөн дотортой хүрэм, дээлнүүд үйлдвэрлэдэг. Гаднах материал нь тенсулет тул утаа, үнэр шингэдэггүй бөгөөд сарлагийн хөөврөн дээл нь ноолууран бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц өндөр үнэ цэнтэй. Хөвсгөлийн хамгийн хүйтэн цэгт ч дулаан, тэсвэртэй байх ба загвар зохион бүтээгчтэй тул эдгээр хүрэм, дээл нь загварын хувьд цор ганц, давтагдашгүй онцлогтой.



-Хонины ноос, сарлагийн хөөврөө өөрсдөө бэлтгэдэг үү?

-Хотод үйлдвэрийн объект байгаа. Ноосоо боловсруулах үйлдвэр байгуулахад зориулан туршилтын шатандаа явж байна.


-Бүтээгдэхүүнээ борлуулдаг худалдааны цэг бий юу?

-Бид бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаа болон олон нийтийн сүлжээгээр захиалгаар борлуулдаг. Зах худалдааны төвөөр худалдахаар нэмүү өртөг шингэж үнэтэй болно. Түрээс төлөх шаардлагагүй нь бидний давуу тал юм

-Ярилцсанд баярлалаа. 


Холбоотой мэдээ