БАЯНХОНГОР: Хуулийн төсөлд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-13 13:57:51

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг Баянхонгор хотноо зохион байгууллаа. 


Хэлэлцүүлгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Уул уурхай үндсэний ассоциац хамтран зохион байгуулсан байна.

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайд Б.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг энэ сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрийн захиргааны байгууллагын холбогдох албан хаагчид, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөлөл, бичил уурхай эрхлэгчид болон иргэдийн төлөөлөлтэй нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэв.


Хэлэлцүүлгийн үеэр ажлын баг “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг хүлээн авсан юм.  


Ашигт малтмалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн чухал салбар бөгөөд улсын нийт орлогын 28 хувь, экспортын орлогын 94 хувьд, аж үйлдвэрийн салбарын 74 хувийг бүрдүүлдэг байна. Иймээс хууль эрх зүйн орчныг шинэчлэх нь салбарын тогтвортой хөгжлийн хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 


Ажлын багууд орон нутгаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төсөлд тусган ажиллахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ