ТӨВ: Олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалаг өнөөдөр олимпын наадмын цасан замд уралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-11 17:06:07

Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн олимп “Милан-Кортина-2026” дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн спринт төрөлд 35 орны 89 цаначин уралдах ба Төв нутгийн охин, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Ариунтунгалаг 81 дүгээр гараанаас өрсөлдөх юм.


Борнуур сумын харьяат Э.Ариунтунгалаг Төв аймгийн өсвөрийн шигшээ багаас гүйлтийн цанын тамирчин болох гараагаа эхэлсэн. Тэрээр Монгол Улсын гүйлтийн цанын 26 удаагийн аварга, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт, гүйлтийн цанын дэлхийн аваргын “А” ангиллын тамирчин юм.


Хамгийн сүүлд өнгөрсөн сард БНСУ-д болсон Азийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. "Милан-Кортина-2026" олимпын наадам түүний хувьд анхны олимп юм.


Ташрамд, өвлийн олимпын наадамд Монгол Улсаас зургаан тамирчин оролцож байгаагаас Э.Очирсүрэн, Ч.Отгонцэцэг, Э.Ариунтунгалаг нар нь Төв аймгийн тамирчин юм. 




Холбоотой мэдээ