СҮХБААТАР: Соёл амралтын хүрээлэнд тарьсан модны 97.2 хувь нь ургажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар соёл амралтын хүрээлэнгийн хамгаалах зурвасын дагуу 2000 метр газарт сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 мянга гаруй мод тарьжээ. Уг ажилд аймгийн БОГ-аас хяналт, мониторинг хийж ургалтын явцыг 93.4-97.2 хувьтай буюу
сайн гэж дүгнэжээ.
Дээрх зурвас газарт орон нутгийн мод үржүүлэг, ойжуулалтын газрууд болон нөхөрлөлүүд хамтран газар, хөрсний онцлог, дасан зохицох чадвар, гүйцэтгэх ззрэг олон үндэслэлээр дан хайлаас тарьсан байна.
Мөн Сүхбаатар соёл амралтын хүрээлэнгийн харьяа Талын наран цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг дэмжих, тохижилтын чанарыг сайжруулах зорилгоор энэ онд 32 ширхэг шилмүүст модыг шинээр тарьж, гадна орчинд тарьсан 2500 хайлаасыг шинэ талбайд шилжүүлэн суулгажээ.
БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Сүхбаатар соёл амралтын хүрээлэнгийн ногоон байгууламжийн үйл ажиллагааг
дэмжиж, энэ оны хаврын мод тарилтаар 50 мянган юанийн
дэмжлэг үзүүлжээ. Тус санхүүжилтээр голт бор, улиас, агч, гүйлс, буйлс, өрөл, шинэс, жигд гэсэн найман төрлийн 800 модыг шинээр тарьсан байна.
Улаанбаатар