Асадад Орос туслахыг АНУ мэдэж байсан

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-12 12:50:54

ВАШИНГТОН. /BBC/. Сирид явуулж буй ОХУ-ын ажиллагаа нь маш сайн тагнуул хийсэн АНУ-ын хувьд гэнэтийн зүйл байгаагүй гэж тус улсын Ерөнхийлөгч Барак Обама телевизийн “Си-би-эс” сувгийн “60 Minutes” нэвтрүүлэгт оролцохдоо мэдээлжээ.

“Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн дэглэмийг нуран унах вий гэж санаа зовсондоо Асадад шаардлагатай цэргийн тусламжийг үзүүлэх гэж байгааг бид мэдэж байсан” гэж Обама тайлбарласан байна.

Тэрбээр мөн Сирид явуулж буй Оросын цэргийн ажиллагааг шүүмжилжээ.

Обама ярилцлага өгөхдөө мөн Сирийн босогчдыг бэлтгэх болон зэвсэглэх АНУ-ын хөтөлбөр амжилтгүй болсон тухай ярьсан байна. Уг хөтөлбөрийг энэ долоо хоногийн баасан гарагт зогсоох юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, тэрбээр анхнаасаа уг хөтөлбөрт эргэлзэж байсан боловч үзээд алдах хэрэгтэй гэж үзжээ.

“Миний зорилго бол “Лалын улс”-тай тэмцэхийг хүсч байгаа аядуу үзэлт сөрөг хүчнийг бид сургаж, зэвсэглэж чадах эсэхийг оролдож үзэх байсан. Гэвч Асад төрийн эрхэнд байгаа цагт эдгээр залуусын анхаарлыг "Лалын улс"-ын зүгт төвлөрүүлэх маш хэцүү болохыг бид олж мэдсэн” гэж Обама хэлсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ