БАЯН-ӨЛГИЙ: Булган сумын Их Жаргалантын зуслан
ФОТО МЭДЭЭ
Өлгий, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Булган сумын Их Жаргалантын зуслангийн үзэсгэлэнт байгалийн зургийг дуранд буулгасныг толилуулж байна.
Баян-Өлгий аймгийн Булган сумын төв Жаргалант нь аймгийн төвөөс 300 км, Улаанбаатар хотоос 2000 км-ийн зайд,
далайн түвшнээс дээш 1935 метрийн өндөрт оршино. Булган сумын иргэдийн 90 хувь нь
казах, 10 хувь орчим нь урианхай, үлдсэн нь бусад ястнууд. Тус сум нь Улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт,
Сөнхөл, Улаанхус зэрэг 7 багтай.
Булган сум нь Монгол Улсын баруун хойд
хязгаар Монгол Алтайн нурууны өвөр
хажуугаас эхтэй Булган голын саваар оршдог. Сумын нийт нутгийн хэмжээ нь 497.8
мянган гектар бөгөөд хамгийн нам газар болох Их Нарийн далайн түвшнээс дээш
1517 метрт байдаг. Хамгийн өндөр цэг болох Мөнххайрхан уул нь 4362 м өндөр юм.
Булган сум хойд хэсгээр Дэлүүн сумтай Улаагчины даваагаар 48 км,
баруун өмнөд хэсгээр Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Булган зэрэг сумтай
85 км үргэлжлэх Сайхан, Хөхгол, Сэрүүн, Сөнхөл, Түргэний нуруудаар хил залгадаг
бол баруун хойд хэсгээр 120 км үргэлжлэх Булганы Түргэн, Гурван Жаргалант,
Туулайт, Хоёр Төмөрт, Эндэртийн зэрэг нуруунуудаар БНХАУ-тай хиллэдэг.
Сумын нийт нутгийн 462.5 мянган га нь
хөдөө аж ахуй эрхлэхэд тохиромжтой бөгөөд үүний 71.1 мянган га нь тариалангийн
газар, 356.1 мянган га нь бэлчээр, хадлангийн газар, 27.4 мянган га нь хилийн
шугам, 4.2 мянган га нь ой мод, 2.7 мянган га нь гол, нуур, 0.7 мянган га нь
зам, үлдсэн 0.29 мянган га нь сумын төв, айл өрх, хашаа, байшин барилга,
холбооны шугам тус тус эзэлдэг.
Энэ жил
аймгийн хэмжээнд хур бороо бага ороод ихэнх нутгаар гантай байгаа бол Булган
сумын хувьд харьцангуй сайхан зуншлагатай байна.










