Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-10 12:28:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдөр маргааш тохиох учир бүх нийтээр амарна.


Зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг энэ өдөр Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу амрах юм. Энэ өдөр нь бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой. Энэ өдрийг “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэж, орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулна. Нийслэлийн төв талбайд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл илэрхийлэх, “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуусын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал” болно.


Монголчууд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр жил бүр буян номын үйлийг ихээр дэлгэрүүлэн, сүсэгтэн олныг хамтруулж, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэл, хөдөө орон нутгийн сүм хийдүүд, төрийн бус болон сайн дурын байгууллагын оролцоотой тэмдэглэдэг. Бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар 2013 оноос бурхан шашинтны наадам болгон зарлаж, Гандантэгчэнлин хийдэд төвлөрөн уламжлалт үйл ажиллагаанаас гадна хийдийг тойрон гороолох жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолтыг зохион байгуулдаг аж. 






Холбоотой мэдээ