“Бүтээмж ба Инновац-UB 2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-27 09:17:38

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг хэрэгжүүлж буй.


Энэ хүрээнд нийслэл, 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагын сайн туршлагыг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэхээр “Бүтээмж ба Инновац-UB 2025” харилцан суралцах арга зүйн форумыг зохион байгуулж байна. Уг форум нь төрийн албаны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн бүтээлч арга барилыг солилцох, харилцан суралцах, сурталчлан таниулах зорилготой юм. 


НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн менежер Т.Батзаяа ярихдаа, “Харилцан суралцах арга зүйг ашиглан сайн туршлагыг тодорхойлох энэхүү болзолт уралдаан хоёр үе шаттай хэрэгжиж эхний шатанд нийслэл, 21 аймгаас нутгийн захиргааны байгууллагадаа нэвтрүүлсэн тэргүүний арга барилаа тодорхойлон ирүүлээд байна. Форумын хоёрдугаар шат энэ сарын 26-30-нд Улаанбаатар хотод болж байна. Улсын хэмжээнд шилдэг, сайн туршлагыг шалгаруулах арга хэмжээнд 9 дүүрэг, 16 аймгийн 25 сайн туршлагыг танилцуулах юм. Нийслэл болон орон нутгийн захиргааны байгууллагууд энэхүү арга зүйг хэрэглэн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой” гэлээ. 


Форумд оролцож буй албан хаагчдад Улаанбаатар хотын онцлог, төрийн байгууллагуудын бүтэц үйл ажиллагааг танилцуулах, туршлага судлуулахаас гадна 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 20 минутын хот-Хотын хөгжлийн индекс, Улаанбаатар хэрэгжүүлж буй мега төслүүдийн үзэл баримтлал, үйл явцын талаарх мэдээлэл,“Харилцан суралцах арга зүй”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”,  “Цахим орчны боломжийг ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь”, “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах арга зүй” зэрэг ажлын байрны ур чадварыг нэмэгдүүлэх сургалт орох юм.

Энэхүү форум энэ сарын 26-30-ныг хүртэл үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ