Х.Бат-Ундрал: Бидний мөрөөдөл биелсэн гайхалтай үдэш байх болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын рок поп, хип хоп урлагт өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, тод мөрөө үлдээсэн “Guys” хамтлаг энэ сарын 31-нд “Сургууль минь баяртай” тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзах гэж байна. Анх 1997 онд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тус хамтлагийн 28 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тэд тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өглөө. Энэ үеэр хамтлагийн гишүүн Х.Бат-Ундралтай цөөн хором ярилцлаа.
-Тоглолт болоход 10-хан хоногийн хугацаа үлдсэн байна. Бэлтгэл ажил ямар шатанд явна вэ. Найман жилийн дараах тоглолт гэдэг утгаараа догдолж байна уу?
-Бид энэ удаагийн тоглолтдоо маш их ач холбогдол өгч бэлтгэлээ хангаж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир ажиллаж байгаа юм. Тоглолт маань амьд хөгжим, хайрын тухай болон хитийн хит дуу гэсэн гурван хэсэгтэй. Хамтлагийг байгуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэл фэнүүддээ хүргэсэн бүтээлүүдээс 28 хит дуугаа сонгон авч энэ тоглолтод дуулахаар бэлдэж байна. Манай хамтлаг анх удаа задгай талбайд тоглолт хийж байгаа нь өөрөө онцлог юм. Энэ бол бидний мөрөөдөл байсан учраас маш их хүлээлттэй, бас догдолж байна. Тиймээс тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар хичээж байна. Дурсамж дүүрэн гайхалтай үдэш байх болно оо.
-Хамтлагийн гишүүн М.Мягмар тоглолтод оролцох талаар үзэгчдэд хүлээлттэй байгаа байх. Энэ талаар тайлбар өгөх үү?
-Энэ асуултыг маш олон хүн асууж байгаа. Гурван жилийн өмнө гэр бүлээрээ гадаадад ажиллаж, амьдрахаар явсан. Тэнд бичиг цаасны зохицуулах ажил бий. Тэр ажлаа дуусгавал Мийгаа маань эргээд ирэх хүсэлтэй байгаа. Бид ч Мийгаагаа санаж байна. Манай хамтлагийн 30 жилийн ой 2027 онд тохионо. Тэр мөчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тавуулаа бут авна гэж мөрөөддөг шүү. Манай хамтлаг анх тавуулаа байсныг хүн бүр мэднэ. Сүүлд дөрвүүлээ дуулах болсон. Учир нь, манай хамтлагийн гишүүн Л.Мөнх маань хэсэг хугацаанд гадаадад амьдарч байгаад эх орондоо ирж, хамтлагтаа нэгдсэн. Хамтлагийн тухайд энэ бол маш сайхан мэдээ.
-Тоглолтоо “Сургууль минь баяртай” гэж нэрлэх болов?
-Энэхүү уран бүтээл 2008 онд олны хүртээл болсон “Сайн уу, амьдрал минь” киноны дуу гэдгээр нь сайн мэднэ. Тэр цагаас хойш 17 жил өнгөрч, оюутан залуусын сонсох дуртай, тэдний дурсамжид нь хамт байдаг дуу болжээ. Тиймээс хүн бүрийн сэтгэлд хүрсэн энэ дуугаараа тоглолтоо нэрлэсэн. Үе, үеийн төгсөгчид маань ирж дурсамжаа сэргээж, тоглолтын үеэр төгсөлтийн малгайгаа хамтдаа шидэж Гиннесийн амжилтыг эвдэх мөрөөдөл бидэнд байна. Үүнээс гадна энэ жил Монголд 30 гаруй мянган оюутан сургуулиа төгсөж, амьдралын зам руу алхан орж байна. Энэ залуустаа “Guys” хамтлаг хүндэтгэл үзүүлж, тоглолтоо “Сургууль минь баяртай” гэж нэрлэлээ.
-Хамтлаг, дуучид тоглолтын үеэр, эсвэл өмнө нь фэнүүддээ шинэ уран бүтээлээр бэлэг барьдаг уламжлал бий. Танай хамтлаг ямар бэлэгтэйгээр фэнүүдтэйгээ уулзах бол?
-“Бороо” дуу намуухан өнгө аясаар өмнө нь сонсогчдод хүрч байсан. Тэгвэл энэ удаа илүү эрч хүчтэй, цоглог хэмнэлтэйгээр хүрэх болно. Үзэгчдийнхээ сэтгэлийг хөдөлгөхүйц уран бүтээл болгож ирэх долоо хоногт клиптэйгээ хамт цацахаар төлөвлөсөн.
-Фэнүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Хамтдаа нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлцгээе. Төгсөлтийн малгайтайгаа ирэхийг уриалъя. Энэ тоглолтын төгсгөлд бүгд “Сургууль минь баяртай” дуугаа дуулж, хамтдаа нэгэн зэрэг малгайгаа дээш шидье. Гайхалтай үдэш байх болно гэдэгт итгэлтэй байгаа учраас манай хамтлагийн дууг сонсдог хүн бүрийг урьж байна.