Мосулын 21 мянга орчим иргэд орон гэргүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-03 10:14:48

НҮБ. /Xinhua/. Иракийн Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх ажиллагааны явцад 21 мянга орчим хүн орон гэргүй болоод байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв.

Тэдний тал орчим хувь нь дүрвэгсдийн хуаранд толгой хоргодож байгаа бол бусад нь өөр хот тосгодод очсон байна гэж тэрбээр НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдээлэлд үндэслэн мэдэгджээ.

“НҮБ болон түүний түнш байгууллагууд ард иргэдийг 48 цагт багтаан галын шугамаас гаргаж, яаралтай тусламжийг үзүүлэхээр ажиллаж байна. Мөн дүрвэгсдийг хүлээн авсан хот, тосгод болон “Лалын улс” бүлэглэлээс саяхан чөлөөлөгдсөн тосгодын иргэдэд тусламж үзүүлж байна” гэж Стефан Дужаррик мэдэгдлээ.

Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн Мосул хотыг чөлөөлөх ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын дундуур хэд хэдэн тосгоныг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлсөн билээ.

Мосул бол Иракийн нийслэл Багдад хотоос хойд зүгт 400 км-ийн зайд орших тус улсын хоёр дахь том хот юм. 2014 оны зургадугаар сард “Лалын улс” бүлэглэлийнхэн тус хотыг хяналтдаа оруулж, улмаар Иракийн хойд болон баруун бүс нутгийг эзэлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ