Р.Дутертегийн мэдэгдэл АНУ-ыг цочирдуулав

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-10-26 14:02:47

МОСКВА. /Sputnik/. Филиппиний удирдагч гадаад бодлогынхоо чиглэлийг өөрчилж, БНХАУ-тай нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн билээ. Энэ нь АНУ-ын Филиппинийг чиглэсэн колонийн хуучин бодлогыг "хүчтэй тийрсэн хэрэг" боллоо гэж Америкийн сэтгүүлч Стивен Кинзер үзэж байна.

Филиппин улс өөрийн холбоотон болох АНУ руу ар нуруугаа харуулаад /нүүр буруулаад/ БНХАУ-Филиппиний хамтын ажиллагааны үүд хаалгыг нээлээ. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-аас зайгаа барина гэж мэдэгдсэн нь АНУ-ыг ихэд сандаргасан билээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби баасан гарагт мэдэгдэл хийхдээ “АНУ-Филиппиний дотно харилцаанд тайлбарлахын аргагүй зөрчил гарлаа” гэсэн байна.

Харин Филиппиний Худалдааны сайд Рамон Лопес “CNN” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Филиппин улс эдийн засгийн харилцааны хувьд Өрнөдийн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа таслахгүй” гэж мэдэгдэн Р.Дутертегийн мэдэгдлийг зөөлрүүлэх гэж оролдсон боловч тус улс гадаад бодлогодоо өөрчлөлт оруулсан нь илэрхий харагдаж байв. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн (МГИМО) Зүүн Өмнөд Азийн судалгааны мэргэжилтэн Лариса Ефимова хэлэхдээ, Филиппин улс АНУ-тай явуулж буй хамтын ажиллагаагаа зогсоохгүй, харин харилцаа холбоогоо төрөлжүүлэхийг оролдож байна гэлээ.

Харин улс төрийн шинжээч Григорий Локшин-ы дүгнэснээр, Р.Дутерте Филиппиний дотоод болон гадаад бодлогыг огцом өөрчилсөн байна.

Үүний зэрэгцээ Хятад улсын Өмнөд Хятадын тэнгист явуулж буй үйл ажиллагааны эсрэг АНУ-тай хамтран эргүүл хийхгүй гэдгээ Филиппин улс мэдэгдээд байгаа билээ.

АНУ-ын цэргүүд болон байлдааны техникүүдийг Филиппин рүү байнга илгээж байх болно, мөн хоёр улс Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл хийнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан юм. Энэ оны долдугаар сард Гааг хотын Олон улсын Арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцээд Филиппиний талд асуудлыг шийдсэн нь АНУ-ын таалалд ихэд нийцсэнийг дурдах нь илүүц болов уу. Энэ талаар Р.Дутерте баасан гарагт мэдэгдэхдээ “энэ шийдвэр бол зүгээр л нэг цаас” гэсэн байна.

Тухайн өдөр Филиппиний Батлан хамгаалахын сайд Дельфин Лоренсана "бид БНХАУ-тай батлан хамгаалах салбарын харилцаагаа сэргээнэ гэдгээ амласан" гэж мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжилсан билээ. Үүнээс гадна АНУ-ын тусгай хүчний албан хаагчдыг Филиппиний  нутгийн өмнөд хэсгээс гаргахыг Р.Дутерте есдүгээр сарын дундуур уриалсан юм. “Boston Globe” агентлагийн сэтгүүлч Стивен Кинзер энэ асуудалтай холбогдуулан тайлбар хийхдээ, Өмнөд Хятадын тэнгис дэх АНУ-Филиппиний хамтарсан эргүүлийн болон бусад цэргийн ажиллагаа “одоогийн байдлаар тодорхойгүй байдалд” ороод байгааг дурдлаа.

Мөн тэрбээр, АНУ-д тулгарч буй энэ асуудал бол Филиппинд үйлдсэн Америк нүгэл хилэнцийн эсрэг хийсэн хариу "тийрэлт" юм гэжээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, манай хоёр орны харилцаа хүчирхийллээр эхэлсэн. 1898 онд Филиппинд тогтоод байсан Испанийн засаг захиргааг түлхэн унагахад АНУ тусалсан боловч тус улс Филиппиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийн оронд харин арлуудыг нь колоничлон авсан. Энэ нь хүчирхийлэл, түрэмгийлэл болон хувирч, гүн гүнзгий шарх үлдээсэн гэж Кинзер дурдлаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ