Умард Солонгосын "шийтгүүлсэн" генерал олны өмнө гарчээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-08 17:10:06

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж байснаар, залхаан цээрлэл хүртсэн Умард Солонгосын өндөр албан тушаалын генерал тус улсын удирдагч Ким Жөн Уны хамт олны өмнө гарчээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Ма Вон Чун “Умард Солонгосын удирдагчийг үерийн гамшигт өртсөн тус улсын баруун хойд нутгийн Расон хотод очих үед нь дагалдан явжээ”.

Дэслэгч генерал Ма Вон Чун нь Улсын батлан хамгаалах хорооны барилгын дизайны газрын дарга юм. “Пхеньян хотын олон улсын нисэх онгоцны буудлын зорчигчийн шинэ терминалын загвар Ким Жөн Унд таалагдаагүй учраас уг терминалын барилгын ажлыг удирдан явуулсан генералын цолыг бууруулж, залхаан шийтгэсэн” гэж Өмнөд Солонгосын зарим хэвлэл урьд нь мэдээлжээ. Ма Вон Чун өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа олны өмнө гарч байгаа нь энэ юм.

Ким Жөн Ун 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш өндөр албан тушаалын 70 түшмэлийг цаазаар авч, олныг хамарсан цэвэрлэгээ хийсэн гэж Өмнөд Солонгосын Тагнуулын алба урьд нь мэдээлсэн билээ. Үүний хамгийн тод жишээ бол тэрбээр Умард Солонгосын Улсын батлан хамгаалах хорооны орлогч даргын албыг хашиж байсан авга ах Чан Сон Тхэкийг 2013 онд баривчилж, цаазаар авсан явдал юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ