Бохирдсон хөрс бүхий овоолгоотой шороог зайлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-17 19:50:25

Баянхонгор аймгийн төвийн "Номгон" 1-р багийн нутаг дэвсгэрт орших, төв захын арын Цагдаагийн хэсгийн хажууд байх /хуучнаар геологийн байр/ нийтийн 00-ийг дарсан овоолгоотой шороог зайлуулж, ариутгах ажлыг эхлүүлжээ.

1970-аад оноос хойш 20 гаруй жил нийтийн 00 байдлаар ашиглаж байсан тус газрыг 1990-ээд оны хавьцаа шороогоор дарж булж, улмаар эргэн тойронд нь айл өрхүүд нүүж ирсээр төвхнөжээ. 20 гаруй жилийн ялгадас хөрсөнд нэвчин бохирдол үүсгэж байсан бөгөөд энэ мэт байдлаа тус багаас сонгогдсон төлөөлөгч бүрт хэлж шийдвэрлүүлэхийг хичээдэг байсан ч үр дүнд хүрэлгүй өдийг хүрчээ. Энэ удаад тэдний төлөөлөл болж аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тэр хавийн 40 гаруй айлын хүсэлтийг хүлээн авч хувийн зардлаараа тус овоолгоостой шороо, түүний доор байгаа бохирыг зайлуулах ажлыг хийж байна.

Ингэхдээ оршин суугчдын ая тухыг алдуулахгүйн үүднээс 1-2 өдрийн дотор тус шороог доорх бохирынх нь хамт зайлуулж хогийн цэг рүү аваачиж асгаад, ариутгал халдваргүйтгэлийг сайтар явуулж, эрүүл цэвэр шороогоор нүхийг дүүргэж газартай тэгшлэх ажлыг гардан зохион байгуулж байгаа аж.

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ