Цахилгаан халаагуур төслийг зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-13 18:22:22

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Угалз" 4дүгээр багийг утаагүй бүс болгох төслийн хүрээнд эхний ээлжинд 740 айлын халаагуурын тендэр зарлаж гэрээ байгуулсан, нэмээд 500 орчмыг нийлүүлэх тендэр гэрээ байгуулах санал аймгийн Засаг даргад очжээ. Харин шинээр томилогдсон аймгийн Засаг даргын зүгээс уг асуудлыг судалж үзсэний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн зогсоосон байна.

Нийт дүнгээрээ 4дүгээр багт 1400 орчим халаагуур нийлүүлэгдэх бөгөөд нэг ширхэг бүрийн үнэ 300 мянга. Үүний 50 хувийг улсаас, 50 хувийг иргэд өөрсдөө гаргахаар байжээ. БОАЖЯ, Цэвэр агаар сангаас 230 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхээр байсан байна. Харин судалж үзэхэд иргэдээс гарах мөнгөн дээр багагүй чирэгдэл үүсэхээс гадна манай аймгийн Эрчим хүчний шугам сүлжээний чадал тус халаагууруудыг ажиллуулахад хүндрэл үүсэх бөгөөд эрчим хүчний хүчин чадал хүрэлцэхгүй гэж үзжээ. Дээрх халаагууруудыг ажиллуулбал тус аймгийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээг 2.6 мвт-аар өсгөх бөгөөд тус аймагт суурилагдсан хүчин чадал нь 12.6 мвт байдаг аж.

Цахилгаан түгээж байгаа сүлжээнүүд буюу гэр хорооллын трансформатор, айл өрхүүд рүү явж байгаа шугам кабель гээд бүгдийг ачааллын дагуу солих шаардлагатай бөгөөд өнөөг хүртэл тус ажил огт хийгдээгүй байна. Энэ бүх шалтгааны улмаас дээрх үйл ажиллагааг зогсоогоод холбогдох албаныханд хандаад бүрэн шаталттай зуухаар хангах ажлыг үргэлжлүүлье хэмээн ханджээ. Ийнхүү дараа жилүүдээс шугам сүлжээндээ өргөтгөл хийх замаар цахилгаан халаагуураар хангах ажлыг хийхээр болсон байна.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ