Ихэнх нутгаар хоёр өдөр бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-08-01 12:53:35

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, Архангай, Өвөрхангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр өнөөдөр бороо орно. 


Наймдугаар сарын 1,2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдад онцгойлон анхаарууллаа.


2024 оны 8 сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 2, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ