Конгресс Б.Обамагийн хоригийг цуцаллаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-09-29 10:01:21

ВАШИНГТОН. /Xinhua/. Саудын Аравийн Засгийн газрыг шүүхэд өгөх эрхийг 9 дүгээр сарын 11-нд болсон халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд олгох тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хориг тавьсан билээ. Тэгвэл өчигдөр АНУ-ын Конгрессын гишүүд Обамагийн хоригийг цуцлах эсэх талаар санал хураалт явуулснаар уг хоригийг цуцалсан байна.

Энэ нь Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаанд түүний тавьсан хоригийг Конгресс цуцалсан анхны тохиолдол болж байна.

Төлөөлөгчдийн танхимын 348 гишүүн, Сенатын танхимын 97 гишүүн Обамагийн тавьсан хоригийг цуцлахыг дэмжжээ. Ингэснээр “Террорист үйл ажиллагааг ивээн тэтгэгчидтэй тэмцэх тухай хууль” хүчин төгөлдөр болж байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест уг санал хураалтыг “ичмээр явдал” гэж мэдэгдэв.

Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн баасан гарагт хориг тавихдаа “энэ хууль АНУ-ын үндэсний ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө" гэж тайлбарлаж байсан юм.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ