АНУ-ын Энх тайвны корпусын дарга К.Хэсслер-Радэлэтийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-17 15:01:54

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Энх тайвны корпусын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн хүрээнд Монголд айлчилж буй тус байгууллагын дарга хатагтай К.Хэсслер-Радэлэтийг хүлээн авч уулзав.

АНУ-ын Энх тайвны корпусын үйл ажиллагаа нь Монгол, Америкийн иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Сайд Ц.Мөнх-Оргил онцлов. Уулзалтын үеэр мөн талууд тус байгууллагын хүрээнд цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, шинэ хөтөлбөрүүд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Энх тайвны копус нь АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Ж.Кэннэдигийн санаачилгаар 1961 онд байгуулагдаж байсан бөгөөд эдүгээ тус байгууллагын 220 гаруй мянган сайн дурын ажилтан дэлхийн 140 орчим оронд ажиллажээ. Монгол Улсад Энх тайвны корпусын үйл ажиллагаа 1991 онд эхэлж, түүнээс хойш 1200 гаруй сайн дурын ажилтан Монголын аймаг бүрт ажиллаж ирсэн байна.

Мөн Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн арга хэмжээнд оролцож, үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ тус байгууллагын сайн дурынхны үйл ажиллагаа нь Монголын нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн нэгэн салашгүй хэсэг болсон хэмээн тэмдэглэв. Ойн арга хэмжээний үеэр тангарагаа өргөсөн Энх тайвны корпусын 27 дугаар ээлжийн 46 сайн дурын ажилтанд Дэд сайд Б.Батцэцэг ажлын өндөр амжилт хүсэв.

Түүнчлэн хатагтай К.Хэсслер-Радэлэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Ерөнхийлөгч уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон бусад салбарт эрчимтэй хөгжиж байгааг онцлоод, үүнд Энх тайвны корпус чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг дурдав. Уулзалтын үеэр талууд иргэд, залуусын сайн санааны болон бусдад туслах “Ардын элч” хөтөлбөрийн талаар мөн ярилцав.

Холбоотой мэдээ