Өвөрхангайд хүүхдийн цэцэрлэг 400 ороор нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ2016-2017 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх бодлого барьж, энэ хүрээнд цэцэрлэг 400 хүүхдийн ороор нэмэгдэж байна.
Тодруулбал Арвайхээр суманд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг СИЗУ ХХК-иас орон нутгийн төсвийн 900 орчим сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа ба энэ ондоо багтан ашиглалтад орох юм.
Мөн 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг Баян-Өндөр суманд Өндөрбөх ХХК, Баруунбаян-Улаан суманд Харшийн гэгээ ХХК, Уянга сумын Жаргалант багт Итгэлт-Өргөө ХХК, Бат-Өлзий суманд 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг Эрч хүч ХХК тус тус орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Түүнчлэн Бат-Өлзий сумын Улаан-Амны бригадад 25 хүүхдийн гэр цэцэрлэгийг төсөл хөтөлбөрийн хүрээнд байгуулж, хөдөөгийн багачуудыг сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжоор хангаж байгаа аж.
Дээрх цэцэрлэгүүдэд нийлүүлэх гал тогооны тоног төхөөрөмжийг аймгийн БСГ-аас БСШУЯ-аас татан авсан байна.
Орон нутгийн төсөв, БСШУ-ны сайдын багцын хөрөнгөөр Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн гадна тохижилт, 4 дүгээр цэцэрлэг, Нарийнтээл сумын цэцэрлэг, Хужирт, Тарагт сумын дотуур байранд их засварыг хийж байгаа ба 8 сард багтаан ажлыг дуусгах юм. Мөн орон нутгийн төсөв болон Дэлхийнзөн ОУБ-ын төсөл хөтөлбөрийн 400 орчим сая төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр сумын 1 дүгээр сургууль, 4 дүгээр сургууль, Хархорин сумын Орхон цогцолбор, Хужирт сумын сургуульд ариун цэврийн байгууламжийг барьж, багш, сурагчдын ая тухтай орчин нөхцөлийг хангаж байгаа юм.
Өвөрхангай Б.Батчимэг