Гурван талын уулзалтыг зохион байгуулахад Япон, БНСУ хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-01 14:19:19

НҮБ. /NHK/. Өмнөд Солонгос, Япон, БНХАУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар Өмнөд Солонгос болон Японы Гадаад хэргийн сайд нар нягт хамтран ажиллахаар тохиролцов.

Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзжээ. Энэ нь тэдний найм дахь удаагийн уулзалт юм.

БНХАУ, Өмнөд Солонгос, Японы гурван талын уулзалтыг хэзээ зохион байгуулах, уулзалтын үеэр хэлэлцэх асуудлыг тэд хэлэлцсэн байна. Гурван талын уулзалтыг энэ сарын сүүлээр эсвэл 11 дүгээр сарын эхээр Өмнөд Солонгост зохион байгуулахаар талууд зөвшилцөж байна.

Гурван талын уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нарын нүүр тулсан анхны уулзалтыг Япон зохион байгуулах хүсэлтэй байна гэж Кишида мэдэгдэв.

Абэ, Пак нарын хэлэлцээний урьдчилсан нөхцөлийн талаар Юн тодруулаагүй боловч Гадаад хэргийн сайд нартай хамт байсан нэг дипломатч, Япон, Өмнөд Солонгос хоёр талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай хараахан тохиролцоогүй байна гэж мэдэгджээ.

Япон ямар ч урьдчилсан болзолгүйгээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаа бол Өмнөд Солонгос эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан асуудлаар буулт хийхийг Японд уриалж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд