Нигерид цар тахлын улмаас хөдөлмөр эрхлэгчдийн 20 орчим хувь нь ажлын байраа алджээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-09-24 12:57:35

АБУЖА. /Reuters/. Нигери улсад хөдөлмөр эрхлэгчдийн 20 орчим хувь нь цар тахлын улмаас ажлын байраа алдсан гэж тус улсын Үндэсний статистикийн газраас мягмар гарагт мэдээлжээ.


Тус улсын Үндэсний статистикийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/ хамтран Нигерийн албан болон албан бус салбарын 3000 орчим бизнес эрхлэгчдээс судалгаа авч, халдварын тархалт Африк тивийн хамгийн их хүн амтай улс орны хөдөлмөр эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлжээ.


Мэдээлэлд дурдсанаар, Нигери улсын хөдөлмөр эрхлэгчдийн гуравны нэг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд ажилгүй болсон гэж мэдэгдсэн нь цар тахлын улмаас нөхцөл байдал хэрхэн дордсоныг харуулжээ. "Коронавирусний цар тахал Нигери улсын нийгэм, эдийн засагт асар их нөлөө үзүүлсэн" хэмээн Үндэсний статистикийн газраас мэдээллийн үеэр онцолсон байна.  


Африк тивийн хамгийн том эдийн засагтай улс болох Нигерийн эдийн засгийн байдал халдварын нөхцөл байдлын улмаас газрын тосны үнийн уналт бий болсонтой холбогдуулан хүнд байдалд оржээ. Учир нь тус улс төсвийн орлогынхоо 70 орчим хувийг түүхий эдийн экспортоос бүрдүүлдэг байна.


Дэлхийн банкны мэдээлснээр, халдварын тархалтаас үүдсэн хямралын улмаас 2022 он гэхэд Нигерийн 11 сая гаруй иргэн ядууралд өртөх төлөвтэй байна. Ингэснээр тус улсын ядуу ангилалд багтсан хүмүүсийн нийт тоо 100 сая гаруйд хүрэх магадлалтай гэж тооцоолжээ.

  

Холбоотой мэдээ