Шууд хэлэлцээ хийхийг Палестинд уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-01 10:43:05

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Урьдчилсан болзолгүйгээр шууд хэлэлцээ хийж эхлэх саналыг нь хүлээж авахыг Израилийн эрх баригчид Палестинд уриалж байна. Энэ тухай тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд дурджээ.

“Урьдчилсан болзолгүйгээр Израилийн талтай шууд хэлэлцээ хийж эхлэх тус улсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, хариуцлагатай ажиллахыг бид Палестин болон удирдагчид нь /Палестин улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас/ уриалж байна” гэж баримт бичигт дурджээ. Израилийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын цохон тэмдэглэж буйгаар, “Палестины тэргүүн энэ саналыг хүлээж авахаас удаа дараа татгалзаж байгаа нь тэрбээр асуудлыг тайван замаар зохицуулахад бэлэн биш буйг харуулж байна”.

Аббас урьд нь Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс үг хэлэхдээ, “өөрсдийн төлөвлөгөөг бусдад тулган хүлээлгэхийн тулд хэт хүч хэрэглэхээ зогсоохыг” Израильд уриалжээ. Аббасын хэлснээр, Израилийн эрх баригчид “тус улсын шилжин суурьшигсдад онцгой эрх олгох гэсэн тогтолцоог бий болгохыг, мөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэм” тогтоохыг оролдож байна.

Харин Израилийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар түүний хэлсэн үгэнд тайлбар өгөхдөө, "Аббасын хэлсэн үг худал бөгөөд Ойрхи Дорнодод эмх замбараагүй байдалд өдөөн турхирахыг дэмжиж байна" гэж мэдэгджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд