Дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар түүж бэлтгэсэн хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-11 13:46:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид энэ оны долоодугаар сарын 25, 28-нд эргүүл хийх үедээ иргэн Э, Г, С, Л, С  нар 200 кг дэрэвгэр жиргэрүү ургамал түүж хадгалсан хэргийг илрүүлэн шалгаж байна.


Дэрэвгэр жиргэрүү нь манай орны ховор ургамлын жагсаалтад орсон эмийн болон хүнсний ач холбогдолтой хөл газрын ургамал юм. Хятад, Солонгост дэрэвгэр жиргэрүүг хүн орхоодойн оронд орлуулж хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэдэг. Энэхүү ургамал экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг байна.


Мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл 5 жилийн  хугацаанд хориглосон юм.


Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх: Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Холбоотой мэдээ