Афганистаны Засгийн газар болон талибууд энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-19 09:26:53

КАБУЛ. /TOLO News/. Афганистаны үндэсний эвлэрүүлэн зохицуулах Дээд зөвлөлийн дарга Абдулла тэргүүтэй улс төрчид болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд хоёр долоо хоног үргэлжилсэн яриа хэлэлцээ Доха хотод ням гарагт дуусжээ. Уулзалтын дүнд талууд хамтарсан мэдэгдэл гаргасан байна.  


Афганистаны “TOLO News” телевизийн мэдээлснээр, талууд өндөр дээд түвшний энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Гэсэн ч гал зогсоох аль эсвэл хүчирхийллийг бууруулах талаар мэдэгдэлдээ дурдаагүй байна.


Үүнээс гадна үүссэн нөхцөл байдлаас улс орноо гаргахын тулд талууд нийтлэг ашиг сонирхлоо олохоор тохиролцжээ. Төлөөлөгчид иргэний дэд бүтцийг хамгаалах, энгийн номхон иргэд амиа алдах явдлаас сэргийлэх, Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй байгууллага, улс орнуудтай хамтран ажиллах дээр санал нэгдсэн байна.


Өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш Доха хотноо үргэлжилж буй зөвлөлдөх уулзалт хэд хэдэн удаа тасалдсан юм.


Эхэндээ Дохад хийгдэж буй уулзалтуудад ахиц дэвшил гараагүй бөгөөд одоо үргэлжилж буй  хэлэлцүүлгүүд нь урьдчилсан байдлаар хийгдэж буй яриа хэлэлцээ юм. 

Холбоотой мэдээ