Керри: ОХУ, АНУ зарим талаар санал нэгдсэн

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-09-30 11:36:46

НҮБ. /TASS/. Сирийн хямралын тухай тогтоолын үндсэн зарим зарчим дээр АНУ болон ОХУ санал нэгдсэн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “MSNBC” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.

“Сири нэгдсэн улс байх ёстой гэсэн гэрээ байсан бөгөөд энэ нь шашнаас ангид байх хэрэгтэй. Мөн “Лалын улс” бүлэглэлийн асуудлыг анхааралдаа авч, хяналттай өөрчлөлт хийх хэрэгтэй” гэж Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсаныхаа дараа мэдэгдэв.

Мөн тэрбээр, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын ирээдүйтэй холбоотой асуудлаар АНУ болон ОХУ санал зөрөлдөөнтэй байгаа гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ, АНУ-ын эрх баригчид Асадыг огцрох ёстой гэж үздэгийн зэрэгцээ “терроризмтой тэмцэх ажиллагаанд Сирийн эрх баригчид болон Засгийн газрын хүчинтэй хамтран ажиллахаас зайлсхийсэн нь том алдаа байсан” гэжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд