Явган зорчигчдод тавих хяналт сул байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-03-30 22:03:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, өдөрт зөвхөн өрхийн нэг гишүүн гарч, ойролцоох хүнсний дэлгүүр болон эмийн сангаас үйлчилгээ авахыг зөвшөөрсөн. Баг тус бүрт айл өрхийн үйлчлүүлэх дэлгүүрийн жагсаалтыг ч гаргажээ. Гэтэл хатуу хөл хорио тогтоосон эхний өдрийн байдлаар явган зорчигчийн хөдөлгөөн их байна.

Хүнс, эм эмнэлгийн хэрэгслийн хүргэлтийн үйлчилгээ бий. Эрүүл мэндийн шалтгаантай бол дуудлагаар гэртээ анхан шатны тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн. Гэтэл ахмад настан, өсвөр насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд гээд хүмүүс төвөөр нааш цааш холхилдоно. Уг нь ийм тохиолдолд явган зорчигчдын биеийн байцаалттай танилцаж, асуумж асууж, явах маршрутыг тодруулан зохих шаардлагыг тавих ёстой. Тодорхой шалтгаангүй сэлгүүцэж яваа бол хариуцлага тооцсон ч болох. Энэ бол цар тахлын үе гэдгийг ингэж ойлгуулахад гэмгүй.


Баруун-Урт сум дотор тусгай чиг үүрэг бүхий байгууллагынхан 35, төрийн албан хаагчид 15 гээд нийт 50 цэгт хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа. Гэтэл яг үндсэн ажил болох явган зорчигчдоо хянах, шаардлага тавих ажил үнэхээр сул байна. 

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийн тоо нэмэгдсээр байна. Иргэд өөрийгөө батлагдсан тохиолдлын дам, хавьтагч болсноо мэдэлгүй гадуур ингэж дэл сул яваа бол яах вэ, халдвар тархвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Тиймээс явган зорчигчдод тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб анхааралдаа авна уу. Тэг зогсолт бол тэг л байх ёстой...

Холбоотой мэдээ