Цахим индрээр залуучууд саналаа илэрхийллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-03-26 10:06:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудаа сонсох өдрийн хүрээнд Чөлөөт индэр цахим уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Аймгийн залуучуудын холбооны санаачилгаар хийсэн энэхүү уулзалт нь залуучуудын санал, үзэл бодлыг сонсоход чиглэж байв.

Цахим уулзалтын товыг хоёр өдрийн өмнө нийтэд зарласан бөгөөд оролцохыг хүссэн хүн бүр өөр өөрийн байгаа газраасаа шууд холбогдон оролцсоноороо онцлог байлаа. Улмаар нийт 20 гаруй залуу цахим орчинд нэгдэж ярилцсан юм. Мөн Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс оролцон залуучууд руу чиглэсэн төрийн бодлого шийдвэр, холбогдох бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулсан бол "Сүхбаатар хөгжил" ҮТП-ын дарга О.Батсайхан орон нутгийн үйлдвэрлэлийн нөхцөл байдал, цаашид ямар төрлийн үйлдвэрлэл илүү хөгжих, түүнийг хэрхэн дэмжиж хамтран ажиллах боломжтой талаараа мэдээлэл хийсэн нь энэхүү уулзалтын бас нэгэн үр дүн байлаа. 

Харин оролцогч залуусын тухайд Сүхбаатар аймагт түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж залуу гэр бүлийг дэмжих, залуучууд өөрсдөө ажлын байрыг бий болгох, цахим уулзалтыг тогтмолжуулж байнгын мэдээллээ солилцох, өөр аймаг, нийслэлд амжилттай ажиллаж, амьдарч буй залуусыг урьж туршлага солилцох зэрэг үнэтэй саналуудыг гаргасан юм. Аймгийн залуучуудын холбооны зүгээс ч энэ бүгдийг ажил хэрэг болгохоо илэрхийлсэн юм.  


Холбоотой мэдээ