Ажлын байрыг дэмжих зээлд 1,9 тэрбум төгрөг олгоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-24 14:50:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл"-ийг Сүхбаатар аймагт олгож эхэлсэн. Одоогоор тус аймгийн хэмжээнд зургаан ААНБ, 42 иргэнд нийт 1,9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа аж.

Энэхүү зээл нь зөвхөн үйлдвэрлэл эрхэлж буй ААНБ, иргэнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгох юм. Хувиараа бизнес эрхлэгч иргэнд 50 хүртэлх, НӨАТ төлөгч ААНБ-д 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэйгээр олгоно. Гэвч орон нутагт энэхүү нөхцөлийг хангах үйлдвэрлэл эрхлэгч цөөхөн тул хүн бүр зээлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Энэ тухай гомдлууд ч холбогдох газруудад иржээ. Тиймээс иргэдэд энэхүү зээлийн талаарх мэдээллийг өгөх ажлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Монгол банктай хамтран хийж эхэллээ. 

Сүхбаатар аймгийн хэмжээнд одоогоор албан ёсны бүртгэлтэй 300 гаруй ААНБ үйл ажиллагаа явуулж байна.  


Холбоотой мэдээ