Аймгийн төв доторх хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоов

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-12-01 15:42:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 12 дугаар сарын 01-ний 628 дугаар захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Үүнтэй холбоотойгоор зарим дэглэмийг сулруулж, харин авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг хэвээр үлдээв.

Одоогоор тус аймгийн хэмжээнд 76 пост, хяналтын цэгт 250 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Иймд зайлшгүй шалтгаанаар сум хооронд зорчих иргэд тусгай зөвшөөрөл авч холбогдох газраас өгч буй зөвлөмжийн дагуу хөдөлгөөнд оролцох юм.

Мөн дээрх захирамжаар аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, цахим худалдаа түгээлтээс бусад үйлчилгээний үйл ажиллагааг 12 дугаар сарын 11-нийг хүртэл хориглолоо. Архи согтууруулах ундааны зүйлс худалдан борлуулахыг ч мөн дээрх хугацаагаар хориглосон юм.

Харин аймгийн төв доторх хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоож, хэвийн ажиллагаанд орууллаа. ААНБ-уудын ажлын горимд өөрчлөлт оруулж, богиносгосон цагаар ажиллаж байсан албан байгууллагуудыг хэвийн горимд оруулж, зайнаас ажиллаж байсан газруудыг богиносгосон цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ.

 

Холбоотой мэдээ