“Шивээ-Овоо” уурхайн ажилчид хэвийн горимоор ажиллаж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-30 12:35:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт тогтоосон хатуу хөл хориог цуцалснаар Шивээ-Овоогийн уурхайн ажилчид хэвийн горимоор ажиллаж эхэллээ.


Тус уурхай одоогоор нийт ажилтан, албан хаагчдынхаа 70 гаруй хувийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулжээ. Энэ долоо хоногт багтаан бүх албан хаагчаа шинжилгээнд хамруулж дуусгах аж.


Мөн уурхайн ажил эхлэх, тарах үед нийт ажилтан, албан хаагчийн халууныг хэмжиж, гарыг нь ариутгахаас гадна 2 цаг тутамд ариутгал халдваргүйтгэл хийж, ажилтнаа тусгай зориулалтын автобусаар тээвэрлэж байгаа аж.


Ингэхдээ хүн хоорондын зайг баримталж, 45 хүний суудалтай автобусанд 22 хүн тээвэрлэж байгааг уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн онцлов.


Ташрамд дурдахад, Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг дангаараа хангадаг тус уурхай нь энэ сарын 25-ны байдлаар 6978.0 мянган куб хөрс хуулж, 1.7 сая тонн нүүрс борлуулжээ. 

 

Холбоотой мэдээ