Амны хаалтыг удаан зүүхгүй, гадаргуунд нь хүрэхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-17 12:06:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд амны хаалтаа сайн зүүж байгаа ч буруу хэрэглэснээр короновирусний халдвар авах магадлалтайг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.


Тэрбээр, “Халдвараас сэргийлэх гол арга нь ариун цэврийн дэглэм чанд сахих. Сүүлийн хоногуудад иргэд амны хаалтаа сайн зүүж байна. Гэхдээ амны хаалтаа удаан хэрэглэх, халдвартай гадарга хэсгээр нь оролдох, хэрэглэсэн амны хаалтаа гэр орондоо удаан байлгах нь эрсдэл үүсгэж байна. Амны хаалтаасаа халдвар авахгүй, зөв хэрэглэхэд дадах хэрэгтэй. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агааржуулах, олон нийтийн дунд орвол зай барих, халдвартай гадуур хувцасаа гэртээ оронгуут тайлах, хувцастайгаа явахгүй байхад анхаарахгүй бол халдвар дамжих эрсдэлтэй. Ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмээ барьж чадвал халдварын голомтыг цомхотгон дарах бүрэн боложтой гэв.


Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн нийслэлд батлагдсан тохиолдлын явсан маршрутын дагуу дэлгүүр, үзвэр үйлчилгээний газар, их дээд сургуулийн хичээлийн болон дотуур байр, айл өрх, үзвэр үйлчилгээний 60 цэгт 8 баг ажиллаж 30 мянга гаруй талбайг ариутгажээ. Мөн “Энхсаран” сувиллын 3 дугаар байр болон өчигдөр нүүлгэн шилжүүлсэн 80 хүний байрлаж байсан гурван байр, тэднийг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэв.


Вирус судлалын 3 лабораторид нийслэлийн 18 цэгээс авсан тандалт судалгаанд сүүлийн 3 өдөр 1204 хүнд шинжилгээ хийсэн нь бүгд сөрөг гаржээ.


“Өнөөдөр Сэлэнгэ аймаг руу явуулын алборатори шинжилгээ хийхээр  4 цагт явсан. Нийслэлийн 18 цэгт ажиллаж байгаа хүмүүст мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Манай төвийн 96, орон нутагт 285 эмч, ажилтан 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, ариутгал халдваргүйтэл хийж байна” гэж Н.Цогбадрах нэмж хэлэв.

Холбоотой мэдээ