Авьяас хэзээ ч хөгширдөггүйг ахмадууд харуулж чаддаг

Орон нутагт | Сүхбаатар
sarantsetseg@montsame.gov.mn
2016-05-11 16:21:02

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ахмадын чөлөөт холбоо нь 2015 оноос санаачлан ахмад уран бүтээлчдийг нэгтгэн хамтлаг байгуулж, өөрсдийн уран бүтээлийн тайлан тоглолтыг сумынхаа ард ахмадууддаа толилуулдаг уламжлал тогтжээ.

“Авьяас хэзээ ч хөгширдөггүй, үүнийг манай ахмадууд харуулж чаддаг. Бид  2 дахь тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа” гэдгийг  Уулбаян сумын ахмадын чөлөөт холбооны дарга С.Дуламсүрэн хэллээ.

Уулбаян сумын ахмадын чөлөөт холбоо нь 200 гаруй гишүүнтэй. Үүний 80 гаруй нь 70-аас дээш насныхан, үлдсэн хэсэг нь 80-аас дээш насны ахмадууд байдаг. Нийт ахмадуудын 60 орчим хувь нь сумын төв дээр амьдардаг. Сумын ахмадын холбооноос ахмадуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч байлгах зорилгоор олон ажлыг зохион байгуулдаг. Жишээлбэл: Өглөө бүр бясалгал, дасгал хөдөлгөөн хийх, төрсөн өдрийн баяр тэмдэглэх, спортын арга хэмжээ, хөдөлгөөн эрүүл мэнд сэдэвт нийтийн бүжиг зэргийг дурдаж болно. Ахмадууд ч хүүхэд харж, гэр сахиж суухын оронд үе тэнгийнхэнтэйгээ хамт олноороо дуулж хуурдаж, уулзаж ярилцахдаа сэтгэл хангалуун байдаг байна.

Мөн ахмадууд сум орон нутагт болж ажил үйлчилгээ, арга хэмжээнд тогтмол оролцож бусад ахмадуудаа уриалан дуудахаас гадна, залуу хойч үеийнхэндээ ямагт үлгэр дууриалал үзүүлж байдаг юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ