“АМЭ трейд” ХХК ноолуурын гэрээгээ шинэчилж байгааг малчид эсэргүүцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-06-22 18:07:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумын малчдын ноолуурыг худалдан авсан “АМЭ трейд” ХХК-ийн төлөөллүүд тус сумдад ажиллаж байна. Тэд малчидтай ноолуурын гэрээг дахин шинээр байгуулж байгаа бөгөөд ингэхдээ килограммыг нь 80 мянган төгрөгөөр үнэлж байгаа аж. Үүнийг нь ихэнх малчид эсэргүүцэж байна.

Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ноолуурыг нь авахдаа килограммыг нь 105 мянган төгрөгөөр үнэлж авсан бөгөөд мөнгийг нь өгөлгүй хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа анхны гэрээгээ зөрчиж, дахин хямд үнээр гэрээ хийж байгаад малчид бухимдалтай байна. Тиймээс зарим малчид нэгдэн гэрээгээ зөрчсөн гэх үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөжээ.

Харин хэсэг бүлэг малчдын тухайд амьдрал хүнд байгаа учир энэ үнээр нь гэрээгээ хийж байна гэх хэдий ч мөнгө нь бас л шууд орохгүй байгаа гэнэ. 

Холбоотой мэдээ