Бийбулагийн балгас буюу Бай-балык хот

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-22 21:42:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт‚ сумын төвөөс баруун зүгт 11 км-д зайд, Сэлэнгэ мөрний хойд эрэгт орших Бийбулаг (Бай-балык) хотын туурь байдаг. Уг түүхийн дурсгалын талаар түүхч Э.Жигмэддорж “Булган аймгийн түүх, соёлын дурсгал” номонд дэлгэрэнгүй бичжээ.

Энэ хотын туурийг нутгийн ардууд Бийбулаг хэмээн нэрийддэг. Хотыг харьцангуй бага судалсан боловч түүний оршин тогтнож байсан газар болон уйгуруудад холбогдохыг нь тогтоосон байна. Бийбулаг (Бай-балык) хотын тухай Могойн Шинэ Усны Моюнчур хааны хөшөөний бичээст дурдсан байдаг аж. Мөн 1980-аад оны үед Оросын археологич Ю.С.Худяков Бийбулаг (Бай-балык) хотыг хоёр удаа үзэж‚ архитектурын байгууламж болон бэхлэлтийн системийг судалсан бөгөөд дэвсгэр зургийг хийж, түүвэр олдворуудын цуглуулгыг хийжээ. Үүнээс хойш археологич Д.Баяр нягтлан судалж судалгааны өгүүлэл нийтлүүлсэн байна. Дээрх судлаачдын шинжилснээр Бийбулаг (Бай-балык) хот нь гурван хэсэг хэрмээс бүрддэг.

Эхний хэрэм нь 238х237 метр дөрвөлжин талбайтай тэгш өнцөгт хэлбэртэй, чулуу шороо хольсон бөгөөд дээшээ нарийссан 3 метр өндөр юм. Хойд болон зүүн талын ханын дагуу газраас 6 метр хүртэл өндөртэй шавар хана хадгалагдаж үлдсэн. Хэрмийн өнцөг буланд хананаас гадагш гарсан хагас дугуй цамхаг байгуулсан. Цамхгийн суурийг тоосгоор байгуулсан ба хэрмийг чулуу, шороо хольж хийжээ. Хэрмийн хойд ханыг булангаас 100 метр зайд орших, ханын 2 цамхгаар давхар бэхэлжээ. Өмнөд ханын төв хэсэгт цамхгаар бэхлээгүй хэрмийн хаалга байна. Хаалганы баруун хойд талын, хэрмийн орой дээр модон багана бэхлэх зориулалттай гурван боржин суурь, хөх өнгийн дээврийн шавар ваарууд байна. Хэрмийн хаалга далангаас дээш байсан бөгөөд баганаар тулсан вааран оройтой байсан бололтой. Ханын дагуу ямар нэг тойрсон сувгийн мөр ажиглагддаггүй.

           Хэрмийн төвд хаалганы эсрэг талд чулуу шороон довжоо бий. Довжооны хойд хэсэг 33х33 метр хэмжээтэй өндөрлөг талбайтай. Үүн дээр тэгш өнцөгт хэлбэрийн гурван барилгын суурь байдаг. Мөн хэрмэн дотор хоёр барилгын дөрвөлжин суурь, нэг хөшөөний суурь байж болох голын хайргаар хийсэн овгор байна.

Дараагийн хэрэм нь дээр өгүүлснээс чанх урагш 750 метр зайд орших дөрвөлжин хэлбэртэй 142х149 метр талбайтай. Дотроо барилгын ор суурь гэмээр мэдэгдэх зүйлгүй шороон хэрэм юм.

Гуравдахь хэрэм хоёр дахь хэрмээс баруун тийш 1050 метр зайд мөн дөрвөлжин хэлбэртэй, хэрмийн хойд хана 329 метр, өмнөд хана 320 метр, баруун 314 метр, зуун хана 332 метр хэмжээтэй байна. Эндээс Тан улсын үед холбогдох хүрэн паалантай ваарын хэлтэрхий, Киданы хонхор дармал хээ бүхий савны хэлтэрхий зэрэг олджээ. Мөн Бийбулаг (Бай-балык) хотын орчмын ойролцоогоос чулуу сийлж хийсэн дөрвөн арслан олдсон байдаг. Үүний хоёрыг Монголын Үндэсний музей Уйгурын түүхийн тасагт‚ нөгөө хоёрыг Бийбулаг (Бай-балык) хотын туурь дээр шинээр сэргээн барьсан сүмийн үүдэнд тавьжээ. Энэ арслангуудын байдал нь амаа ангайж, сүүлээ сөхөн хойд хөл дээрээ цомцойн суусан нь түрэгийн тахилын онгоны арслангуудтай маш төстэй. Энэ хотын байлдааны бэхлэлтийн систем нь хана болон цамхагийн төлөвлөлтөөрөө Тувагийн нутагт байдаг Уйгурын Бажы-Алаак, Шагонар зэрэг хотуудтай төстэй аж. Судлаачид Бийбулаг (Бай-балык) хотод Согд, хятад худалдаачид сууж байсан гэж үзээд мөн согд лам нар ирж бурхны болон манихейн шашныг номлож, бас уйгур хэлээр ном орчуулж байсан Уйгур улсын соёлын төв хот байж хэмээн дүгнэсэн байдаг. Эндээс үзэхэд Бай-балык хот нь тухайн үедээ Төв Азийн соёлын нэгэн хөгжил цэцэглэлтийн голомт болж байжээ.

Бийбулаг (Бай-балык) хотыг 840 оны үеэс хучирхэгжин Енисейгээс ирсэн Киргыз аймгийн нуудэлчид довтлон, сүм барилгыг эвдэж, ном судрыг түймэрдэн оджээ. Дээрх гурван хэрмийн талбайд хадгалагдан үлдсэн биет олдворуудаас

үзэхэд уг хот мөхөж хэсэг хугацаа өнгөрсний дараа хотын туурь дээр Киданчууд мөн тодорхой хугацаагаар суурьшин амьдарч байжээ.



Холбоотой мэдээ