Е.В.Бембеев: Халимаг хэлний эгшиг цөөрч буй нь аюултай үзэгдэл
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийгэм-улс төрийн “Халимагийн үнэн” сонины ерөнхий редактор, хэл бичгийн ухааны доктор, Монгол уран бичлэгийн олон улсын холбооны доцент гишүүн Евгений Владимирович Бембеевийг Улаанбаатар хотноо ирээд байхад нь уулзан ярилцлаа.
-Халимаг улсын “Үнэн” сонины талаар товч танилцуулж яриагаа эхлэх үү?
-“Халимагийн үнэн” сонин маань 1917 онд анх хэвлэгдсэн түүхтэй. 1920 онд "Улан хальмг" (Улаан калмык) нэртэйгээр, 1926 онд "Тангчин занги” буюу (Аймгийн мэдээ) болгож нэрээ өөрчилсөн байдаг. Манай редакц “Халимаг” агентлагт харьяалагддаг бөгөөд Халимагийн нийгэм, улс төр, үндэстний соёл, хэлний талаар тухайлан мэдээлдэг. Тус агентлагт телевиз, радио, сонин, сэтгүүл, хүүхдийн сэтгүүлүүд хэвлэн ажилладаг юм. 2017 онд 100 жилийн ойгоо тэмдэглэсэн.
-Энэ удаа Та Монгол Улсад ямар ажил хэргээр ирэв, олуулаа явна уу?
-Бид хоёр томхон ажлын хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Манай улсын “ХАЛИМАГ” агентлаг, Монгол улсын “МОНЦАМЭ” агентлагтай үйл ажиллагааны хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Мөн “Орос-Монголын нийгэмлэг”-ийн салбар буюу “Халимаг-Монголын нийгэмлэг”-ийн дарга Ж.Гүррагчаа баатартай хоёр улсын харилцааны цаашдын хөгжлийн асуудлаар ярилцах тухай байсан.
-Мянган жилийн түүхтэй босоо монгол бичгээ танай улсад хэрхэн авч явж байна вэ?
-Чингис хааны үеэс төрийн бичиг болсон босоо бичгээрээ 13 дугаар зуунаас 17 дугаар зуун хүртэл монгол туургатан бүгд бичилцэж байсан. Одоо бол бид монгол бичгийг бага сага мэднэ, гэхдээ нийтлэг биш. Харин Зая бандида Намхайжамцын 1648 оны хулгана жил Зүүнгарын нутаг Чүй голын эрэгт Авлай тайжийнд өвөлжихдөө хамаг монгол хэлтэнд дөхөмчилж худам монгол үсгийг тодруулж, тодорхой болгосон үсэг зохиосон тод үсгийг хэрэглэж байна.
-Танайд хүмүүс монгол бичгээ хэр мэддэг вэ, сургуулийн хүүхдүүд монгол бичгээ албан ёсоор үзэж судалдаг уу?
-Ер нь бол үгүй. Гэхдээ хүмүүс монгол бичгээ мэднэ ээ.
-Халимагт монгол бичгээр тогтмол гардаг сонин, сэтгүүл байдаг уу?
-Халимаг улсад бичгээр тусгайлан хэвлэгддэг сонин, сэтгүүл байхгүй.
-Тод бичгийг хэзээнээс халимагууд хэрэглэж эхлэв?
-Зая бандида хоёр удаа Халимагт ирсэн. Зая бандида анхан 1645 онд ирэхэд халимагууд босоо монгол бичгээ хэрэглэж байсан. Тэр үед хэрэглэж байсан бичгийн сурвалжууд одоо ч бий. Москва болон Санктпетербургийн архивт хадгалагдаж үлдсэн. Зая бандида 10 жилийн дараа нь буюу 1655 онд Халимагт ирэхдээ тод бичгийг авч ирсэн. Ийнхүү тод бичиг өргөн дэлгэр тархсан. 17, 18 дугаар зууны үед манай Халимаг ч биш, хажууд орших Харлаг улс тод бичиг их хэрэглэж байсан түүхтэй.
-Тод бичгийг сургуульд зааж байна уу?
-Тод бичиг заах тухай төрөөс шахаагүй. 1940-өөд оноос кирилл бичиг дэлгэрсэн. Энэ бичгээр төрийн болон нийгмийн харилцаа явж ирсэн. Сүүлийн үед бид тод бичгээ зааж байна. Нэг үгээр тод бичиг мэддэг багш сайн дураараа заадаг. Хичээлийн албан ёсны бус, сонгон үзэх хичээлийн маягаар зааж байгаа.
-Халимаг хэлийг анзаарахад саармаг эгшиггүй харагдана?
-Тийм ээ. Энэ эгшиггүй болох үзэгдэл хэл шинжлэлийн хувьд ямар уршигтай вэ гэдгийг бид анзааран тод бичгээ улам ихээр зааж, яваандаа ярианы хэлтэй хамтатган хэрэглэхийг зорьж байна.
-Эгшиггүй болох тусам “амьгүй хэл”-ээр ярих болох нь ээ?
-Өргөлтөд эгшгээс хойших эгшгүүд ярианы хэлэнд болон кирилл үсгийн бичлэгт үгүй болж байна. Эгшиг хэрэглэгдэхгүй байгаа нь тухайн хэлний хувьд үнэхээр аюултай зүйл. Иймээс залуучуудад тод үсгээрээ дамжуулан эгшигтэй үгсийг тархинд нь суулгахыг бид хичээнгүйлэн зорьж байна.
-Монгол уран бичлэгийн урлаг танай улсад хэзээнээс, хэрхэн хөгжиж байна вэ?
-Д.Ганбаатар “Бичиг соёл” үзэсгэлэнг 2015 онд гаргаж байв. Тэр үзэсгэлэнтэй танилцах урилга хүлээн авсан юм. Д.Ганбаатар Б.Бат-Амгалантай намайг танилцуулсан. Б.Бат-Амгалан над руу утасдаж "Ирэх хэрэгтэй" гэсний дагуу би ирж байлаа. Тэр цагаас уран бичлэг сонирхон бичиж эхэлсэн. Анхны бие даасан үзэсгэлэнгээ 2017 онд гаргаж байжээ.
-Хэл бичгийн ухааны докторын зэргийг ямар сэдвээр хамгаалав?
-Би 2005 онд доктор хамгаалсан. Миний судалгааны сэдэв бол Базар ламын бүтээлийг судлах ажил байсан. Базар лам Монгол-Алашаа-Хөх нуур-Цайдам-Лхаст хүрээд Далай ламтай уулзан Бээжин-Шанхай-Шриланка-Турк-Хар тэнгисээр дамжин Ганжуур, Данжуурыг залж ирсэн. Нутагтаа ирээд тод бичгээр ном зохиолоо туурвисан. Би түүнийг нь бүрэн судлан шинжилж эрдмийн зэргээ амжилттай хамгаалж байв.
-Монголд өмнө нь олон удаа ирж байсан санагдаж байна...
-Би бичиг, соёлын үйл ажиллагаануудын хүрээнд олон удаа ирж байсан.
-Ярилцсанд баярлалаа.