СЭЛЭНГЭ: С.Батсүх: Хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, өгөөжтэй ажил болгож чадлаа

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2025-12-02 16:16:14

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллагууд дотроо чамлахааргүй амжилттай ажиллаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд түүчээлэн оролцож яваа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Бугант нандин” компанийн захирал С.Батсүхтэй ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд танай компани идэвхтэй оролцохоос гадна ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажилдаа нэлээд амжилт дүүрэн яваа гэж сонслоо. Амжилтаасаа хуваалцана уу?

-Баярлалаа. Бид саяхан аймгийн төвдөө цугларч, аймгийн БОГ-аас зохион байгуулсан энэ жилд хийсэн ажил ямар үр дүнтэй байв, цаашдаа хийх ажлын явц хэрхэн байх талаар санал бодлоо солилцсон. Энэ бол маш өгөөжтэй уулзалт болсон.


Ер нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Оюу толгой” компани, Ойн газар, ойн газрын байгаль орчны албатайгаа хийсэн хөрөнгө оруулалт маш их үр дүнтэй ажил болсон. Мөн тэрбум мод сан маш том хөрөнгө оруулалт хийж ажиллалаа.


-Эдгээр хөрөнгө оруулалтуудын үр дүн хэрхэн нөлөөлөв, та бүхэнд?

-Эдгээрээс үүдэн орон нутгийн маш олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тарьц, суулгац борлуулагдсан. Үүний үр дүнд Сэлэнгэ аймагт 20-иод тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж ярихыг сонслоо. Энэ бол маш үр дүнтэй ажил болж байна. Сэлэнгэчүүд маш их талархалтайгаар, маш идэвхтэйгээр энэ ажлыг үр дүнтэй гүйцэтгэсэн.


-Танай “Бугант нандин” компанийн хувьд хийсэн ажлаа дурьдаач?

-Манай компани энэ жил нөхөн сэргээлт, ойжуулалт хийлээ. Ойжуулалт хийхдээ Тэрбум мод сангаас 250000 ш тарьц суулгацыг 100 га-д хийлээ. Хушаат суманд 200 га-ийн нөхөн сэргээлтийн тариалалт хийж хүлээлгэн өглөө. Мөн Алтанбулаг суманд 200 га-г “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар хийсэн.


Мөн Хүдэр сумын Цагаан зүр голд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг маш үр дүнтэй хийж хүлээлгэж өгсөн.


-Эдгээр ажлуудаа хийж байх явцад цаашдаа анхаарах ямар асуудал байна?

-Энэ ажлыг хийж гүйцэтгэж байх явцад цаашдаа бид модыг үрээр нь бойжуулаад сайхан ойжуулалт хийхэд урам зоригтой хийж болох юм байна гэсэн бодол төрсөн. Мөн залуучуудыг тогтвортой ажлын байраар хангаж болох юм байна.


Энэ ойжуулалт болон нөхөн сэргээлтийн ажлыг Сэлэнгэ аймгийн БОГ, Ойн газартай нийлж байгаад ААН-үүд болон иргэдэд урам зориг өгч, дэмжиж ажилласан нь маш үр дүнтэй ажил боллоо, бид их баяртай байна.


Тэртусмаа хөрөнгө оруулалт хийж байгаа 2 томоохонд тооцогдох Тэрбум мод сан, Оюу толгой компанид баярлалаа гэж хэлье.

Холбоотой мэдээ