ХӨВСГӨЛ: Энэ онд 2 сая гаруй мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-15 10:02:25

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт мод тарих, ургуулах чадавхыг бэхжүүлэх, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, олон нийтэд экологийн боловсрол олгох, үр, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2021-2030 онд 20 сая мод тарьж ургуулах ажлыг хэрэгжүүлж байна.


Энэ жил 2 сая гаруй мод тарьж ургуулах зорилт дэвшүүлэн, хаврын цэнэг усалгаа, арчилгаа тордолгоог хийж эхэлсэн байна.


Тус аймгийн 23 сум, 1 тосгонд өнгөрсөн жил 2.693.897 мод тарихаар төлөвлөснөөс 420.821 мод тарьжээ.


Ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр тарьсан мод, бутыг арчлан тордож ургуулахад онцгой анхаарал хандуулж байгааг Байгаль орчны газрын мэргэжилтэн О.Батчулуун онцоллоо.


Мөрөн хотоос Улаанбаатар чиглэлийн авто зам дагуу 5 км үргэлжлэх хамгаалалтын ойн зурвас байгуулах ажил 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хэрэгжиж байна.


Тус газарт хамгаалалтын хашаа барьж 5200 улиас тарьсан бөгөөд Дэлгэрмөрөн сум дундын ойн анги арчилгаа, хамгаалалтын ажлыг хариуцаж, моддын 95.8 хувь нь сайн ургаж байна.


Аймгийн хэмжээнд тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тоо 20 хувиар өсөж, 1,297,677 ширхэг 15 төрлийн тарьц, суулгац ургуулж байна.

 

 

Холбоотой мэдээ