ДОРНОД: Нийт газар нутгийн 1.96 хувийг ойн сан эзэлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт газар нутгийн 1.96 хувийг ойн сан эзэлдэг. Энэхүү нийт 244 мянган га ойн сангийн 60-аад хувь нь Баян-Уул сумын нутагт бий. Дорнод аймаг ой модыг зүй зохистой ашиглах журмын дагуу ашиглалтын бүсийн ойгоос мод бэлтгэдэг. Баян-Уул сумын ашиглалтын бүсийн ой Эрээний нуруунд байдаг. Эндээс мод бэлтгэхдээ ой хээрийн түймэрт өртсөн, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн буюу нөлөөлөлд өртсөн талбайгаас мод бэлтгэх хуулийн заалтыг мөрдөж ажилладаг гэж аймгийн БОГ-аас мэдээлэв.
Бусад сумын хувьд хориотой зурвасын ой буюу ногоон бүсийн ой, хилийн зурвасын ой, 100 хүртэлх тармаг модтой ой, Улз, Хэрлэн голын дагуух ойгоос мод бэлтгэхийг хориглодог.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 1257 шоо метр мод бэлтгэж, нөөц ашиглалтын төлбөрийн орлогод 12 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Харин энэ онд хэрэглээ болон түлээний зориулалтаар 50 га талбайгаас 1342 м.куб мод бэлтгэнэ.