СЭЛЭНГЭ: Чанартай ойжуулалт, ургалтын үр дүнд төвлөрсөн бодлого хэрэгжүүлнэ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар,
2026 оны дөрөвдүгээр сарын
22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймаг нь Монгол Улсын хэмжээнд тарьц, суулгац нийлүүлэгч гол бүс нутгийн нэг
бөгөөд “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтэд бодит хувь нэмрээ оруулж байна.
Иймд
цаашид зөвхөн тоо хөөх бус, чанартай ойжуулалт, ургалтын үр дүнд төвлөрсөн
бодлого хэрэгжүүлэх нь илүү чухал болохыг салбарынхан онцоллоо.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийн хүрээнд
Сэлэнгэ аймаг улсдаа тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Ойн сангийн нөөц,
байгалийн нөхцөл, мэргэжлийн боловсон хүчинд тулгуурлан тус аймаг мод тарилт,
нөхөн сэргээлтийг цогцоор нь хэрэгжүүлж байгаа хэмээн аймгийн БОГ-ын дарга
Д.Түвшинтөгс ярилаа.
Тодруулбал
сүүлийн жилүүдийн гүйцэтгэлээс харахад Сэлэнгэ аймаг 2024 оны байдлаар нийт
4386 га талбайд 11.7 сая ширхэг мод тарьж, ойжуулалтын ажлыг эрчимжүүлжээ.
Зөвхөн мод тарихаас гадна 30 сая гаруй тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь
цаашдын тогтвортой ургалтын суурь болж байгаа гэв.
Мөн
ойжуулалтын ажлыг дагалдуулан ойн арчилгаа, хамгаалалт, нөхөн сэргээлтийг
системтэй хэрэгжүүлж байгаа нь тарьсан модны амьдралтыг нэмэгдүүлэхэд чухал
нөлөө үзүүлжээ.
Салбарын
хэмжээнд модны ургалт дунджаар 70-85 хувь байдаг бол Сэлэнгэ аймагт энэ
үзүүлэлтийг тогтвортой хадгалах, ахиулах зорилт тавин ажиллаж байна.
2026 онд
тус аймаг ойжуулалтын ажлаа үргэлжлүүлэн жилд дунджаар 3 сая орчим мод тарих,
мөн 1000-1500 га талбайг шинээр ойжуулах зорилт дэвшүүлсэн байна. Энэ нь зөвхөн
тоон үзүүлэлт биш, харин тарьсан модоо ургуулах, арчлах, хамгаалах бодлоготой
уялдаж байгаагаараа онцлог юм.