АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 80 га талбайд жимс жимсгэнэ тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-27 08:58:13

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай байгуулсан 2025 оны гэрээнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд жимсний аж ахуй байгуулах тухай заалт тусгагдсан. Уг ажлын хүрээнд 100 га талбайд жимс тариалахаар төлөвлөжээ.


Аймгийн Засаг даргын санаачилгаар өрх бүр хашаандаа мод тарих аяныг эхлүүлж, мод тарьсан иргэдийн худалдан авсан тарьц, суулгацын үнийн дүнгийн 50 хувийг хөнгөлөн олгожээ.

 

Энэхүү аян нь айл өрхийн хашаанд ногоон байгууламж, жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулан, эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

 

Эрдэнэбулган сумын зургаан багийн нийт 451 айл, өрх хөнгөлөлттэй үнээр 1832 мод, бут худалдан авч, хашаандаа тариалаад байна. Үүнээс 732 нь монос, чацаргана, өрөл, үхрийн нүд, бөөрөлзгөнө, улаалзгана, интоор, гандигар зэрэг жимс, жимсгэнийн мод байна.

 

Аймгийн хэмжээнд 2025 оны хавар, намрын тарилтаар 19 сумын 1564 өрх нийт 80 га талбайд жимс, жимсгэнийн мод тарьж, арчилгаа, хамгаалалтын ажлыг технологийн дагуу гүйцэтгэж байна.

 

Холбоотой мэдээ