ЗАВХАН: Өнгөрсөн жил 588 өрх хашаандаа мод бут тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-14 14:46:21

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 14. /МОНЦАМЭ/. Завхан аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлбөрийн хүрээнд энэ онд тарьсан моддын ургалт, арчилгаанд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөжээ.


Өнгөрсөн 2025 онд тус аймаг хавар, намрын мод тарих ажлыг 24 суманд зохион байгуулж, нийт 447,833 мод, бут тарьж ургуулсан байна. Харин энэ хавар өмнөх онд тарьсан моддыг арчлан тордох, ургуулахад чиглэсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд өрнүүлэхээс гадна мод тарих аргачлалын сургалт, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.


Тодруулбал, Улиастай суманд зохион байгуулах үзэсгэлэн худалдаанд аймгийн мод үржүүлгийн газрууд оролцож, тарьц суулгац, зүлэг, цэцгийн үр, бордоо танилцуулахын зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд мод тарих арга зүйн зөвлөгөө өгнө.


Аймгийн хэмжээнд энэ хавар нийт 389,571 мод, сөөг тарьсан байна. Мөн “Мод тарих өдрүүд”-ийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн тарьсан моддыг газар дээр нь очиж, арчилгаа, тордолгооны зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.


2025 онд Завхан аймагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн болон нийтийн эзэмшлийн талбайд нийт 1 тэрбум 3.6 сая төгрөгийн хөрөнгө оруулж, 447,833 мод бут тарьсан байна. Энэхүү ажилд 228 аж ахуйн нэгж, 6036 иргэн оролцож, 588 өрх хашаандаа 7055 мод бут тарьж ургуулсан гэж Завхан аймгийн Байгаль орчны газрын Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Алтангэрэл ярилаа. 

Холбоотой мэдээ