ГОВЬ-АЛТАЙ: Өнгөрсөн онд 399,673 мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймаг 2025 оны байдлаар 399,673 мод тарьсан байна.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021 оноос хойш жимс жимсгэний модыг 70 мянга, хамгаалалтын ойн зурвас 120 мянга, төв суурин газарт 200 мянган орчим мод тарьсан тухай БОАЖГ-аас танилцуулав.
Говь-Алтай аймгийн газар нутгийн 80 гаруй хувь нь цөлжсөн ба хамгийн ихээр Хөхморьт, Баян-Уул, Хариун, Шарга сум өртсөн гэж Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. Цөлжилтийг сааруулах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалахын тулд аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 108 сая мод тарих ажлыг зохион байгуулж байна. Нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь ойтой бөгөөд таван сум шинэсэн ой, 11 сум заган ойтой.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд говьд ургадаг шинэс, заган ойг үржүүлэхэд онцгой анхаарч байгаа. 2024 онд нэмж тариалалт хийлгүйгээр нөхөн сэргээж, арчилгааг илүүтэй анхаарч 8000 модыг нөхөн тарьсан бол 2025 онд аймгийн төв Есөнбулаг суманд 100 мянган мод тарьж суулгажээ.
Энэ оны хаврын мод тарих өдрийн хүрээнд шинээр мод тарих, нөхөн сэргээх, арчилгаанд онцгой анхаарал хандуулахаар төлөвлөсөн байна.