ХӨВСГӨЛ: Өнгөрсөн онд 420 мянга гаруй мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгонд өнгөрсөн жил “Тэрбум” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2,693,897 мод тарихаар төлөвлөснөөс 420,821 мод тарьжээ.
Ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр тарьсан мод, бутыг арчлан тордож ургуулахад онцгой анхаарал хандуулж байна гэдгийг Байгаль орчны газрын мэргэжилтэн О.Батчулуун ярилаа.
Мөрөн хотоос Улаанбаатар чиглэлийн авто зам дагуу 5 км үргэлжлэх хамгаалалтын ойн зурвас байгуулах ажил 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хэрэгжиж байна. Хамгаалалтын хашаа барьж, 5200 улиас тарьсан бөгөөд Дэлгэрмөрөн сум дундын ойн анги арчилгаа, хамгаалалтын ажлыг хариуцаж байна.
Намрын тооллогоор хамгаалалтын ойн зурваст тарьсан модны 95,8 хувь нь сайн ургаж байгаа ажээ.
Мөн Төмөрбулаг суманд доройтсон ойг нөхөн сэргээх чиглэлээр 5,5 га талбайд ‘Хийморь бүтээл’ ХХК 13,750 сибирь шинэс тарьж, ойжуулалтын ажлыг амжилттай хүлээлгэн өгчээ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт мод тарьж ургуулах чадавхыг бэхжүүлэх, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, олон нийтэд экологийн боловсрол олгох, үр, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилготойгоор 2021-2030 онд 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний хүрээнд жил бүр 2,2 сая мод тарьж ургуулах юм.
Тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн 4 жилийн хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тоо 20 хувиар нэмэгдэж, 1.297.677 ширхэг 15 зүйлийн тарьц суулгацыг ургуулж байна.
