Монголыг оюун санааны төрсөн нутаг, хүн эрх чөлөөтэй цаг үеийн бэлгэ тэмдэг болгосон Шиба Рёотаро

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-18 12:04:53
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголчуудын түүх, соёл, угсаатны зүй, монгол хүн, монгол аж төрөхүйн ёсны тухай аян замын тэмдэглэл, баримтат уран зохиолын төрлөөр “Тал нутгийн тэмдэглэл”, “Монгол аялсан тэмдэглэл” зэрэг ном  бичсэн Шиба Рёотаро (1923-1996) бол Японы түүхэн утга зохиолын гарамгай төлөөлөгч, хамгийн их уншигчтай зохиолч байв. Аян замын тэмдэглэл төрлөөр түүхийг дахин бүтээдэг өвөрмөц арга барилтай түүний бүтээлийг Шибагийн түүхэн үзэл, Шиба утга зохиол гэж япончууд үнэлдэг, тусдаа бие даасан судлагдахуун болсон байна.


Зөн билэгтэй шадарлая. 

Монголын хээр тал тэнгэртэй ойрхон байдаг билээ. 

Шиба Рёотаро “Тал нутгийн тэмдэглэл” номоос


“Тал нутгийн тэмдэглэл”, “Оросын тухай”, “Монголд аялсан тэмдэглэл”  зэрэг  бүтээлийг нь монгол хэлнээ хөрвүүлсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч О.Жаргалсайхан “Шиба Рёотаро бол Монголыг оюун санааны төрсөн нутаг гэж үзэж, хүн эрх чөлөөтэй байсан цаг үеийн бэлгэ тэмдэг болгож нүүдэлчдийн нийгмийг тодруулсан зохиолч” хэмээсэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав “Шиба зохиолч монголчуудад чин сэтгэлээсээ хайртай хүн байсан нь зохиол бүтээлээс нь нэвт мэдрэгддэг” гэж түүнийг тодорхойлов.


Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номын гол дүр Цэвэгмаа гуайн ганц охин Б.Имина-гийн нөхөр, Монгол, Японы соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийн тэргүүн, профессор Ж.Баатарцогт “Шиба Рёотаро зохиолчийн “Тал нутгийн тэмдэглэл” ном бол япон уншигчдад Монголын түүх, монгол хүн, монголчуудын аж төрөх ёсыг хамгийн сайхнаар танилцуулсан бүтээл” хэмээв.


Мөн Японы Азийн их сургуулийн хүндэт профессор, нэрт монголч эрдэмтэн Койбүчи Шиничи “Шиба Монголд хязгааргүй хайртай хүн байлаа. Монголд “мах гэвэл ухасхийх” гэж үг байдаг даа, Шиба бол Монгол л гэвэл ямагт нүд нь зөөлрөөд царайд нь инээмсэглэл тодордог хүн байсан” гэж байна.


Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэгээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУИС, Япон Улсын Элчин сайдын яам, Цэвэгмаа кемп-тэй хамтран есдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан “Шиба Рёотаро ба Монгол” эрдэм шинжилгээний хурлын үеэр дээрх тодорхойлолтуудыг холбогдох эрхмүүд хэлж байлаа.


Мөн Монгол Улсад суугаа Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо мэндчилгээ дэвшүүлж, Монголд хайртай Японы нэрт зохиолч Шиба Рёотаро судлалыг хөгжүүлэн, Монгол эрдэмтэд, судлаачид олон талаас судлах нь хоёр орны харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой болохыг онцлов. 


Койбүчи Шиничи: Шибагийн хувьд монгол бол үнэхээр “гэрэл гэгээ” байсан


Шиба Рёотаро зохиолчийн дотны нөхөр, нэрт монголч эрдэмтэн Койбүчи Шиничи “Монголд хайртай зохиолч-Шиба Рёотаро (Зарим бүтээлийнх нь гүнд буй Монголыг үзэх үзлийн тухайд)” илтгэлдээ “Шиба бол уран бүтээл нь Японд хамгийн их уншигддаг зохиолчийн нэг. Түүний бүтээлийн тоо 300 давсан.  Хэвлэгдсэн тоо гэхэд “Рюүма явж байна” гэдэг роман 25 сая ширхэг, “Толгодын дээгүүрх үүл” нь 20 сая ширхэг, бүх хэвлэгдсэн тоогоор 260 сая давж байгаа. Үнэхээр итгэмээргүй олон хувь хэвлэгдсэн. Мөн Шибагийн 45 бүтээл англи, хятад, солонгос, франц, орос, испани, монгол зэрэг 12 хэлээр орчуулагдсан. Монгол хэлээр Д.Төмөрбаатарын орчуулсан “Сүүлчийн шёогүн”, “Мэйжи хэмээх төр улс”, О.Жаргалсайханы орчуулсан “Тал нутгийн тэмдэглэл”, “Оросын тухай”, “21-р зуунд амьдрах хөвгүүд охидод”, “Монголд аялсан тэмдэглэл”  зэрэг  бүтээл нь  хэвлэгдсэн. Үүнээс гадна Д.Наранцэцэг “Монгол таталбар”, О.Жаргалсайхан “Тэнгэр уулын суган доор”, “Хуучны хүний сэтгэл” зэрэг эсээг нь орчуулсан байдаг.


Шиба 1990 онд Монголд  аялаад бичсэн “Монгол таталбар” эсээндээ “Би Монголыг өөрийн сонирхлынхоо сэдэв болгож ирлээ. Тиймээс 50 жил энэ улсын тухай, тэнд амьдран суудаг хүмүүсийн тухай бодож тунгааж, одоо ч түүнээс залхаагүй байна. Миний хувьд Монгол хэмээх ертөнц, энэ үндэстэн байгаа нь “гэрэл гэгээ юм” хэмээн бичсэн байдаг. Шибагийн хувьд монгол бол үнэхээр “гэрэл гэгээ” байсан. 


Шиба хоёр удаа Монголд зочилсон. Хамгийн анх 1973 оны наймдугаар сард ирсэн. Японы ЭСЯ “Улаанбаатар” зочид буудалд анх нээгдэнгүүт  тун удалгүй Шиба  ирсэн хэрэг. Тэр үед би тус ЭСЯ-нд ажиллаж байсан ба анх удаа Шиба гуайтай уулзсан. Тэр аяллын дараахан “Монголд аялсан тэмдэглэл” номоо бичсэн. Түүнд хүүхэд наснаасаа  зүүдэндээ үзэж байсан Монголд анх аялж сэтгэл нь ихэд хөдөлсөн нь харагддаг. “Хэрэв хүний зан чанар сайтайн тухайд тоон үнэлгээ өгдөг бол энэ дэлхийн хэн ч бай монгол хүнд  хамгийн өндөр оноо өгнө гэж хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй” гэж хүртэл бичиж байлаа. 


Хоёр дахь удаагаа 1990 оны долоодугаар сард ирсэн юм. Энэ бол 1973 оны аялалд орчуулагч хийсэн Цэвэгмаатай дахин уулзаж, түүний туулж ирсэн амьдралыг нарийн мэдэхийн тулд хийсэн аялал байлаа.  Цэвэгмаатай тухтай хөөрөлдөж, улсын баяр наадмаар хурдан морины уралдаан үзэж, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч  Б.Содном болон нэрт түүхч Ш.Нацагдорж нартай  ярилцаж хөгжилтэй өдөр хоногуудыг өнгөрөөсөн. Миний бие тэр аялалд хамт байсан юм. Энэ аяллын дараа “Тал нутгийн тэмдэглэл” ном зохиогдсон. Цэвэгмаа гэх нэгэн монгол эмэгтэйг гол баатар болгож, орчин үеийн түүхийн шуурганд шоглогдсон хэдий ч өөдрөгөөр  амьдралыг туулж ирсэн монгол эмэгтэйтэй Монголын түүх, үндэстний хувь заяаг давхцуулан, Шиба өөрийнхөө Монголд  хандах сэтгэлийг шүлэг хэлхэж байгаа юм шиг бичсэн. Энэ бол Шибагийн сүүлчийн ном. Энэ  номоо бичиж дууссаны дараа Шиба надад ирүүлсэн захидалдаа “Гар бичмэл бичих гэдэг бэрх ажлын ард гараад бага наснаас тээж ирсэн Монголын талаарх сэтгэлээ үүгээр баринтаглалаа” гэж бичиж байлаа. Шибагийн хувьд Монголын оршихуй хэчнээн том, хэчнээн нандин байсан бэ гэдэг нь эндээс харагддаг. Зохиолчийн амьдралынхаа эхэнд туурвисан Монголын тухай сэдэвтэй “Монгол сакүра цэцэг”, “Говийн Хүннү”- гээс эхлээд түүний хамгийн сүүлчийн бүтээл “Тал нутгийн тэмдэглэл” бол Шибагийн хувьд Монгол хэчнээн том орон зай байсны нотолгоо юм” хэмээв. 


Шиба Рёотарогийн зохиол бүтээл Япончуудад Монголыг эерэгээр ойлгодог болоход ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Түүний бүтээлүүдийг уншаад Монголд дуртай боллоо гээд “Тал нутгийн тэмдэглэл”, “Монголд аялсан тэмдэглэл” номыг тэврээд Монголд аялж яваа жуулчин ч олон байдаг аж. 


Монголч эрдэмтэн Койбүчи Шиничи Япон улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсад анх удаа айлчилж, 1990-ээд оны эхэнд Монголд үзүүлэх тусламжийн суурийг тавьсан Т.Кайфү Шиба Рёотаро зохиолчийг шүтэн бишрэгч байсан. Монголд айлчлахынхаа өмнө Шиба зохиолчтой уулзаад Монгол Улс хэчнээн чухал болох тухай сургаалийг нь авч байсан хэмээн гэрчилж байна. Мөн 1999 онд Монголд айлчилсан Ерөнхий сайд агсан К.Обүчи ч Шибагийн үнэнч уншигч агаад “Тал нутгийн тэмдэглэл”-ийг уншаад ихэд сэтгэл догдолж, Монголд албан ёсны айлчлал гэхээс илүү хувийн шугамаар Цэвэгмаатай уулзмаар байна хэмээж, түүнтэй уулзаж өөрийн авч ирсэн “Тал нутгийн тэмдэглэл” ном дээрээ гарын үсэг зуруулж баяр хөөр болж байсныг дурслаа.


“Монголд хайртай Шибагийн сэтгэл олон япон хүнд ингэж “халдварлаж” байсан юм. Шиба бол 1940-өөд оны эхээр Оосакагийн Гадаад хэлний дээд сургуульд монгол хэл сурсан хүн. Нэг өдөр надтай ярилцаж суухдаа Шиба “Би зохиолч болсон минь монгол хэл сурсны ач, эртний япон хэлтэй төстэй монгол хэлтэй учирсан минь надад эх хэлээ сонирхох сэтгэлийг өдөөсөн. Бас түүх, үндэстэн, хүнийг үзэх үзэл ч  алс  зайдуу газраас төвийг харах бөгөөд эсвэл цөөнхөөс олонхыг эргэцүүлснээр харагдах зүйл байна гэдгийг анзаарсан юм” гэж  хэлж билээ. Монгол хэл сурснаар япон хэлэнд сонирхол гүнзгийрч, бас түүх, нийгэм, ертөнцийг харах хараа бүрэлдсэн гэдэг байлаа. Шибагийн  утга зохиол дахь энэхүү  “Зах зайдуу хавиас төвийг харах, цөөнхөөс олныг эргэцүүлэх” үзэл маш чухал утгатай юм гэж би боддог. Хятадыг эргэцүүлж авч үзэхдээ ч өөрийг нь холын зайнд аваачиж, хязгаар хавиас эргэцүүлж бичсэн юм. Үүгээрээ Хятадын иргэншил соёлд хүлэгдээгүй гэдгээрээ зэрлэгүүд гэж дорд үзэгдэж ирсэн умард зүгийн үндэстнүүдэд хандах үзлийг орвонгоор нь эргүүлж, Хятад иргэншлийг үл тоож, өөрсдийнхөө үнэ цэнийг хадгалж ирснийг хүлээн зөвшөөрч, үндэстнийг үзэх шинэ үзэл санааг гаргаж тавьсан. Тухайлбал, умардын үндэстнүүдээс улсынхаа газар нутгийг хамгаалахын тулд цагаан хэрмийг барьж байгуулсан гэдэг онолыг эргүүлж, “бэлчээрийн газрыг ухаж хагалаад байгаа хятад тариачид харин эсрэгээрээ булаан эзлэгчид биш үү” гэж онцолсон байдаг. Монголын түүхч Ш.Нацагдорж “Мандухай цэцэн хатан” зохиолдоо “хэрэв Монголчуудын хамгаалалт сул байсан бол Цагаан хэрэм говийг туулаад улам цааш умардын зүг сунах байсан нь гарцаагүй” гэж бичсэнтэй Шибагийн үзэл бодол таардаг юм. Шибагийн зохиолуудыг дахин уншиж үзэхэд маш олон бүтээл нь энэ үзэл онолоор  бичигдсэнийг харж болно. Шиба  25 жилийн турш бодитоор олон газар  аялж  43 боть аян замын тэмдэглэл  бичсэн.  Энэ ажлын ихэнх нь дээрх үзэл санаагаар бичигдсэн. Монгол хэлийг сурснаар олж авсан “цөөнхөөс олныг харах,  алс газраас төвийг харах” гэсэн үзэл бодол нь газрын гүний усан судал мэт Шибагийн бүтээлүүдийн ёроолоор  урсч байдаг. Түүхэнд “хэрвээ” гэдэг үг байдаггүй ч үнэхээр хэрвээ Шиба гуай Монголтой учраагүй бол түүний олон бүтээл өөр байх байсан болов уу” гэж ноён Койбүчи Шиничи илтгэлдээ онцоллоо.


О.Жаргалсайхан: Шиба Рёотарогийн зохиолууд утга зохиолын дээл өмссөн иргэншлийн онол, шинжлэх ухааны уран сайхан зураглалтай их ойрхон


Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэгийн тэргүүн О.Жаргалсайхан Шиба Рёотарогийн  Монголын талаарх бие даасан бүтээлүүдийг орчуулсан хүний хувьд сэтгэлгээний болоод бичлэгийн арга барилын тухай тодорхой ойлголттой болсноо онцлож, “Шиба Рёотарогийн зарим бүтээл дэх сэтгэлгээ, бичлэгийн арга барилын асуудалд” илтгэл тавив. Тэрбээр энэхүү илтгэлдээ Нэгдүгээрт, Шиба Рёотаро бол Монголыг оюун санааны төрсөн нутаг гэж үзэж, хүн эрх чөлөөтэй байсан цаг үеийн бэлгэ тэмдгээр Монголын нүүдэлчдийн нийгмийг сонгож, онцолж гаргаж ирсэн зохиолч. Тухайлбал, Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” болон “Монголд аялсан тэмдэглэл” зохиолд гаргасан Монгол дүр төрх бол уудам тал нутаг, нүүдэлчин ард түмний эрх чөлөөт амьдрал, суурин иргэншилд хүлэгдээгүй хүний язгуур шинж чанарын бэлгэ тэмдэг болгож зурагласан, хүн төрөлхтний уугуул эрх чөлөөт амьдрал гэдэг талаас нь гаргасан дүр юм. Шиба Монголын тал нутгийг зөвхөн харь улсын газар нутаг гэхээс илүү хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн сонгодог хэлбэрийг хадгалж үлдсэн сүүлчийн газар орон гэж онцолсон. Тариалангийн буюу суурин соёл иргэншилтэй харьцуулж нүүдэлчид бол нүүж хөдөлж шилжиж байдаг учраас хүмүүс нь эрх чөлөөт, биеэ даасан сэтгэхүйтэй гэж үзсэн. “Тал нутгийн тэмдэглэл”-д “Япон хүн газраасаа холдвол үхэх үндэстэн бол монголчууд газраасаа шилжиж нүүж байж амьд үлддэг үндэстэн” гэж бичсэн байдаг нь үүний бодит жишээ.


Хоёрдугаарт, Шиба япончуудын оюун санааны түүхийг бичдэг сэтгэгч байлаа. Монгол гэдэг харь иргэншил соёл, оршихуйгаар дамжуулж япон хүний оюун санааны язгуур төрхийг тэмтрэхийг оролдсон. Монголчууд бол япончууд бидний ой санамжийн нэг хэсэг гэж авч үзсэн анхны япон зохиолч байж магадгүй. Тал нутгийн монголчууд түүний оюун санааны модель болж иржээ гэж хэлж болно. Өөрсдийгөө олж харах, засч залруулах, үндэстнийхээ ирээдүйг харах, зөгнөх зорилгод нь Монголын иргэншил соёл нийцдэг байсан гэж хэлж болох юм. 


Монгол бол Шибагийн хувьд хотжилт иргэншил соёлын шүүмж, өөрийгөө эргэцүүлэх талбар байсан ба тал нутгаар дамжуулж хүний уугуул язгуурын эрх чөлөө, цэвэр сэтгэл, авсаархан цэгцтэй амьдрал, уугуул эртний монгол хүний эдэд шунадаггүй сэтгэл зэргээр японы соёл иргэншил, япон хүний сэтгэлийн алдагдсан гоо сайхныг буцаан олж авах гэсэн зохиолчийн тэмтрэлт байсан болов уу. 


Гуравдугаарт, Шибагийн Монголыг үзэх үзэл Японыг давж, Евроази руу хандсан чиглэлтэй, замын зураглалтай байх ба хүн төрөлхтнийг, соёл иргэншлийг үзэх үзэлтэй нь гүнзгий холбогдож ирсэн.


“Тал нутгийн тэмдэглэл”, “Монголд аялсан тэмдэглэл” зохиолууд гэхэд Монгол үндэстний байгаль орчин, түүх, хүн зоны ахуй амьдрал зэргийг өөрийн түүхэн үзлээр тод томруун харуулаад зогсохгүй цаашлаад Евроазийг зураглах түүхэн тайз болгож авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл “цөөнхөөс олонхийг харах” Шибагийн түүхэн үзлийн жишээ. Гадна талаар дамжуулж дотор талыг тэмтрэх гэж бас хэлж болох юм. Монголын тал нутаг, нүүдэлчний иргэншил, соёлын зураглал хэт хотжилтоос үүдэлтэй иргэншлийн өвчнийг анагаахад энэ арга барил илүү дөхөм байсан болов уу. 


“Хотын соёл иргэншилд байдаг анги давхрын ялгаа, дургүй хүрэм уур амьсгал тал нутагт байдаггүй”. “Хот хүнийг өвчтэй болгож, тал нутаг хүнийг цэвэршүүлдэг” гэж тэрээр бичээд Монголыг “дэлхийн түүхэн дэх нүүдлийн иргэншил хамгийн цэвэр охь хэлбэрээ олж цогцолсон газар орон” гэж үзсэн. Нүүдэлчин ардын аж амьдрал нүүж шилжиж байдаг эрх чөлөөт соёл бол тариалангийн иргэншил нь суурин тогтож байж, дэглэм журмаар хүлэгдэж байж оршин тогтнохоос аргагүй байдаг иргэншил гэж харьцуулж авч үзсэн байдаг хэмээсэн юм.


Түүнчлэн Шибагийн бичлэгийн арга барилын тухайд тэрээр асар өргөн мэдлэгтэй, Японы түүх, иргэншил, технологи, үзэл санааг зурагладаг хүн. Хүн ба байгаль, уламжлал ба шинэчлэл, нүүдлийн ба тариалангийн соёлыг харьцуулж, шинжлэх ухаан технологийн уулзвар дээр хүнийг, түүхийг аваачдаг. Түүхэн баримтад тулгуурладаг, түүн дээр уран сайхны сэтгэлгээ нэмэгддэг, өнгөрсөн цаг үеийг өнөө үетэй холбодог, тухайн үеийн соёл, түүхийг дахин сэргээж гаргаж ирдэг, бодит байдал ба уран сайхан хоёрын тэнцвэрийг маш сайн олдог ийм арга барилтай зохиолч. Шибагийн бүтээлүүдийн цаана шинжлэх ухааны олон салбарууд, ялангуяа байгалийн шинжлэл, нийгмийн шинжлэх ухааны уран сайхан холболт, шинжлэх ухааны онол арга зүй багтаж байдаг. Шинжлэх ухаан талаас түүх, газар зүй, угсаатны зүйтэй нарийн холбоотой учир Шибагийн утга зохиол “эрт цаг үеийн оюуны инженерчлэлийн сонгодог төлөөлөл “гэж хэлж болно. Утга зохиолын мөн чанарыг тээхийн зэрэгцээ бодит баримтын судалгаа, баримт материалуудын харьцуулал, системтэй бүтэц, орчин цагийн шинжлэх ухааны үзэл санаатай давхцах нь олонтоо бий. 


Түүхийн үүднээс Шиба Монголын эзэнт гүрний түүхийг зөвхөн булаан эзлэгч талаас бус дэлхийг холбогч, Евроазийн дэглэм журмыг бий болгогч талаас нь бичдэг. Ялангуяа Чингис хааныг “хүчирхийлэгч бус, дэлхийн дэглэм журмыг бүтээгч” гэж үзсэн. “Морьтон үндэстний бүтээсэн эзэнт улс бол хэдийгээр аллага таллагын замаар алхсан ч үүнтэйгээ зэрэгцүүлээд өрнө дорно хоёрыг холбох замыг нээсэн” гэж тэр бичсэн.


“Хятадын иргэншил соёлд хүлэгдээгүй гэдгээрээ зэрлэгүүд гэж дорд үзэгдэж ирсэн  умард зүгийн үндэстнүүдэд хандах үзлийг орвонгоор нь эргүүлж, Хятад иргэншлийг үл тоож, өөрсдийнхөө үнэ цэнийг хадгалж ирсэнийг хүлээн зөвшөөрснөөр үндэстнийг үзэх шинэ үзэл санааг гаргаж тавьсан” тухай сая Койбүчи багш хөндлөө. Үүний талаар ганцхан жишээ дурдахад умардын харь үндэстнүүд тэр дундаа Монгол овог аймгийн нэр нэршлүүдийг хятад ханз үсгээр хэрхэн дорд утгаар түүхийн турш тэмдэглэж ирснийг Шиба бүтээлүүддээ онцгойлон дурдсан байдаг. Энэ нь хэлний геополитик шинжлэлийн хувьд анхаарч судлууштай сэдвийн нэг мөн. 


Угсаатны зүйн үүднээс Угсаатны зүйн шинжлэх ухааны үүднээс Монголчуудын нүүдлийн соёлтой Японы суурин соёлыг харьцуулан тэндээс иргэншлийн мөн чанарыг дахин авч үзэж гаргаж ирэх нь бий. Зүүн Азийн иргэншлийн онолд тал нутгийг хүчтэй оруулж ирсэн. Монголын эзэнт улс өрнө дорныг эзлэсэн баримтыг “технологи байхгүй ч иргэншил бүтээж болно” гэсэн нэг төрлийн сөргүү үзэл санааг гаргасан байдаг. 


Геополитикийн үүднээс Хятад, Орос зэрэг их гүрнүүдийн дунд хавчуулагдсан “жижигхэн агуучууд” болгож Монголын оршихуйг бичиж, утга зохиолын маягийн ориентализм бий болгосон. 


Утга зохиол, угсаатны зүй, түүхийн онол бодролын давхцал дунд байдаг Шибагийн үзэл орчин цагт харь үндэстний соёлыг ухаж ойлгоход гарын авлага болохуйц гэж хэлж болох юм. Шибагийн зохиолууд мэдээлэл цуглуулах-анализ хийх-өөрийн тайлбар-уран сайхан илэрхийлэл гэсэн шинжлэх ухааны судалгааны арга барилтай их ойрхон бүтэцтэй байдаг. Ялгаа нь гэвэл уран сайхан илэрхийлэл юм. Эрдэм шинжилгээний ажил хийж буй судлаачтай ойрхон арга барилаар зохиолоо бичдэг. Мөн хүнийг үзэх үзэлд шинжлэх ухааны хараатай гэж хэлж болно. 


Газар зүй, цаг уур, орон нутгийн онцлогтой хүний холбоо хамаарлыг маш гярхай ажиглаж зурагладаг. Тухайлбал, түүний аян замын тэмдэглэл цувралууд нь зөвхөн аян замын адал явдлыг зураглах төдий бус газар зүйн онцлог, уул усны хэв маяг, орон нутгийн дэд бүтэц, аж үйлдвэрлэл зэргийг хүний нийгэмтэй нь холбож хардаг. Байгалийн шинжлэх ухааны элементүүдээр үндэс хийгээд хүний нийгмийг зөөж аваачиж зурагладаг. Тал нутгийн агуу их өргөн уудам байдал, нүүдэлчин ард түмний соёлын эрх чөлөөт байдлыг романтизм бялхсан уран сайхнаар зураглахын зэрэгцээ орчин үежилт, хотжилтоос төрийн бодлогоор нүүдэлчдийн соёл улам бүр алсарч холдож байгааг онцолж бичсэн нь бий.


Ингээд үзэхээр Шиба Рёотарогийн зохиолууд утга зохиолын дээл өмссөн иргэншлийн онол, шинжлэх ухааны уран сайхан зураглалтай их ойрхон юм. Мөн Шибагийн тал нутгийг үзэх үзлийн нэг сонирхолтой тайлбар бол шинжлэх ухааны мэдлэгээс ялгаатай ч амьдралын тухай мэдлэг, амьдрах амьд үлдэх аргын тухай мэдлэгийг хүндэтгэн үзэж, энэ бол шинжлэх ухаан технологиос өмнөх үеийн хүн төрөлхтний уугуул мэдлэгийн хэлбэр, үүнийг дахин үнэлэх ёстой зүйл гэж үзэж байлаа. 


Утга зохиолын талаас Монголыг оюун санааны гоо үзэсгэлэнтэй үндэстэн, нүүдэлчин ард түмнийг оюун санааны талаас шинжиж, тэдний амьдралыг иргэншиж соёлжсон Японтой эсрэгцүүлж, хүний язгуур шинжийг гаргаж ирэхдээ утга зохиолын илэрхийллийн боломжуудыг тултал ашигласан байдаг. Шибагийн уран бүтээлд тал нутаг онцгой байр суурьтай. Асар уудам Монголын тал нутагт техник технологиос илүү салхийг уншиж, газрын хэв шинжийг шинжиж, од эрхэсээр хань хийж нүүдэллэж байдаг байгальтайгаа хамт амьдардаг амьдралыг утга зохиолынхоо тулах цэг болгосон. Шибагийн хувьд тал нутгаар дамжуулж Монгол зөвхөн газар зүйн орон зай бус түүх, ой санамж, байгалийн үзэмж, хүний гоо сайхан ёс суртахуун болж дахин дүр төрхөө олж байдаг. 


Шибагийн түүхэн үзэл нь түүхийг бүтээхэд бүтцээс илүү хүний зориг, үйлдлийн хүч энергийг чухалчилж үздэгээрээ онцлог. Хүн төвтэй түүхийг үзэх үзэл гэж хэлж болно. Чингис хааныг “түүх түүнийг бүтээсэн биш, түүхийг бүтээсэн хүн” гэж тодорхойлжээ. Нүүдэлчний нийгмийн хатуу ширүүн байгалийн нөхцөл орчин ийм хүнийг төрүүлэх материаллаг хүчин зүйл, механизм, уян хатан шинж,шийдвэртэй байдал зэргийг бүрдүүлж бий болгосон гэж үзсэн.   


Эцэст тэмдэглэхэд, Шиба гуайн бүтээлээс өгүүлэмжийн онцлог, шүлэг найраг шиг энгийн хүүрнэл, эсээ маяг, уур амьсгалын зураглал, мэдрэмж, хараа, үнэрийг хүртэл өдөөж босгодог дүрслэл, түүх хувь хүн хоёрын төсөөт шинж, угсаатны зүй, соёлын антропологи маягийн онол арга зүй, оюун бодлын элементүүд, ой санамж, мөнхийн талаарх дүгнэлтүүд, шинжлэх ухааны баримтууд ашиглахдаа ёс зүйн өндөр хэм хэмжээг барьдаг байдлыг харж  болно хэмээн О.Жаргалсайхан илтгэлдээ дурдлаа. 


Европын морин цэргийн хувцас болон мундрын товч, зах, бүс монгол дээлээс үүсэлтэй юу?


“Шиба Рёотаро ба Квантуны арми (Халхын гол)” илтгэл хэлэлцүүлсэн судлаач, доктор Р.Болд “Халхын голын байлдаан нь япончуудын хувьд “зорилгогүй үйл ажиллагаа” байсан. Дундад иргэн улсын эсрэг том дайн явуулж байх завсарт өөрөөсөө хүчтэй том гүрний эсрэг дайтахыг оролдох нь “бодлогогүй” явдал. Энэ бол Япон, Зөвлөлтийн мөргөлдөөн. БНМАУ-ын хувьд өөрийнх нь эсрэг чиглэсэн түрэмгий үйлдэл байсан гэж үзэх нь тусгаар тогтносон улсын хувьд зүй ёсны байр суурь байв. Би япон хүн байхаас ичиж байна, ийм тэнэг үйлдэл хийсэн Япон хэмээх орныг ойлгохоо байлаа” гэж Шиба Рёотаро зохиолчийн бүтээлүүдэд тэмдэглэж, түүхэн энэ асуудлаар гаргалгаа гаргаж үлдээсэн байгааг онцлон тэмдэглэлээ.


“Монгол костюмс” ХХК-ийн захирал, доктор Б.Сувд “Шиба Рёотаро ба Монгол хувцас” илтгэлдээ “Дэлхийг эзэлж явсан монголчуудад өөртөө итгэх итгэл бий хэмээн бичсэн Шиба Рёотаро зохиолч монголчуудын хувцсыг зөвхөн гоёл чимэглэл биш, амьдралын хэв маяг, байгальтайгаа зохицсон соёлын том илэрхийлэл төдийгүй нүүдэлчдийн өмд, гутал нь өнөөгийн өмд гутлын эхлэл болох, европын морин цэргийн хувцас болон мундрын товч, зах, бүс зэрэг элементүүдийг монгол дээлээс үүсэлтэй. Европт 14-17 дугаар зуунд морин цэргийн хувцас тархах үед монгол дээл, хуяг хувцасны загвар нөлөөлсөн гэж тэмдэглэсэн. 


Энэ агуулгаараа Шиба гуайн бүтээлүүдэд:

1.Нүүдэлчдийн өмд гутлын тухай

2.Ази тивийн агуу цэргийн хүч=морь+өмд

3.”Шиби” бүсний товчлуурын тухай

4.Мундрын тухай

5.Монгол хувцас дэлхийн хувцасны соёлд нөлөөлсөн онцгойлон тухай тэмдэглэж ирсэн. Шиба Рёотарогийн бас нэг сонирхолтой санаа бол “Европын морин цэргийн хувцас, товчны хэрэглээ нь Монгол цэргийн дүрэмт хувцаснаас улбаатай. Хэрвээ монголчуудын байлдан дагуулал байгаагүй бол Европын хувцас хожим өөр чиглэлээр хөгжих байсан байж мэднэ” гэсэн байдаг. 


Энэ бүгдийг дүгнээд хэлэх юм бол Шиба Рёотаро зохиолч барууны антропологчид, түүхчдийн бүтээлтэй адилтгахуйц ажиглалт, тэмдэглэл үлдээж, монгол хувцас, ахуй, ёс заншил зөвхөн өнгөц бус, түүх-экологийн уялдаа холбоотойг тайлбарласан. Түүний бүтээлүүд дэх Монгол соёл-нийгмийн амьдралын тухай, тэр тусмаа монгол хувцасны талаарх дүгнэлтүүд нь гүн ажиглалттай этнографийн шинжтэй. Үүгээрээ түүний ажиглалт дүгнэлтүүд цаашид нарийн судалгаа хийх олон өнцгүүдийг монгол судлаачдад ил болгож өгсөн гэж болно хэмээв.



Улаанбаатар хот ямар сайхан агаартай юм бэ?


Эрдэм шинжилгээний хуралд “Нүүдэлчдийн хот байгуулалтын онцлог: Шиба Рёотарогийн зарим бүтээлийн жишээн дээр“ илтгэл тавьсан судлаач Р.Хатансайхан “Шиба Рёотарогийн бүтээлүүдэд хот байгуулалттай холбоотой хэсэг нь чухал хэсэг болдог. Тэр Монголд 1973 онд ирэхдээ Хабаровск, Эрхүү, Улаанбаатар гэж дамжсан, энэ гурвыг хооронд нь харьцуулан дүрсэлсэн байдаг. Тухайн үед буюу 1974 онд Улаанбаатар хотын 50 жилийн ойг тэмдэглэж, цаашид Улаанбаатар хот Азийн цагаан дагина гэдэг онцлогоо хадгалахын тулд цагаан өнгийг хадгалж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, цэвэр цэмцгэр байдлыг хадгалах ёстой гэж үзсэн байдаг. Шибагийн зохиолд яг энэ санаа давхацсан байдаг. Улаанбаатар бол маш цэвэр цэмцгэр хот байна. Хэдийгээр орос маягийн төлөвлөлттэй ч нүүдэлчид энэ хотыг Хабаровск, Эрхүүгээс өөр, цаанаа нэг нүүдэлчдийн өнгөлөг онцлогийг шингээсэн байна. Улаанбаатар хот цагаан годуу байшинтай, цэвэр цэмцгэр, ерөөсөө ямар илүү дутуу зүйлгүй орчин үеийн хот байна гэж “Монголд аялсан тэмдэглэл” номдоо бичсэн байгаа юм. “Манай япончууд алс хол Монгол Улсад ийм орчин үеийн хот байгуулсныг мэддэг болов уу. Энэ хотод нэг ч илүү юм алга, нэг ч дутуу юм алга. Энэ бол орчин үеийн маш сайхан хот байна” гэж дүгнэсэн байдаг. Ингэж Улаанбаатар хотын тухай Оросоор өөр орны хүн дүгнэлт өгсөн зүйл 1970-аад оны эхэнд бараг байгаагүй. “Улаанбаатар хот Азийн цагаан дагина болоход цагаан өнгө зохино, төлөвлөлтийн хувьд одоо байгаагаа хадгалж, ногоон байгууламж цэвэр цэмцгэр байдлаа хадгалах нь бидний зорилго” гэж тухайн үеийн төр засаг үзэж байсантай Шибагийн харьцуулалт яг цав таарч байгаагаараа онцлогтой байна. Шибагийн зохиолд “Улаанбаатар хот ямар сайхан агаартай юм бэ? Эд нар ямар азтай, хувь заяатай болохоороо энэ сайхан агаараар амьсгалж байна вэ? Энэ сайхан агаар, энэ сайхан мэдрэмжийг тал нутгийн Улаанбаатарт ирээд авлаа шүү дээ” гэж дуу алдаж бичсэн байгаа юм” хэмээн хэллээ. 









Холбоотой мэдээ